Г.Гонгоржав: Ширхэг чулуугаа өгчихвөл эх орноо өгч буй мэт санагддаг

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

Г.Гонгоржав: Ширхэг чулуугаа өгчихвөл эх орноо өгч буй мэт санагддаг

-Үзэсгэлэнгийн үеэр хүмүүс “Энэ хаанаас олсон чулуу вэ” гэж их асууцгаасан. Энэ их осолтой асуулт. Урьдны үзэсгэлэн дээр ягаан болорын агуй хэлж өгснөөс болоод хүмүүс очоод сүйтгээд хаячихсан. Тийм учраас би чулуугаа хаанаас олсноо хэлэх дургүй-

Онгон зэлүүд тал нутагт өвөрмөц содон хээ угалзтайгаар оршин буй чулууг 50 гаруй жилийн хугацаанд судалж, цуглуулсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, сэтгүүлч, эрдэс судлаач Г.Гонгоржавынд зочиллоо. Гэрийнх нь үүдээр ороход л цахиур, жонш, мана, гартаам, хайлуур зэрэг чулуу эгнүүлэн өрсөн байх аж. Бүр цаашлан зочны өрөөгөөр нь шагайтал шилэн хорго, жааз дүүрэн чулуу нүд булааж харагдана. Түүний талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо хэлэхдээ “Байгаль дэлхийтэйгээ гүн дотно барилдсан мэлмий гярхай цуглуулагч Г.Гонгоржав” хэмээсэн байдаг. Ингээд түүнтэй ярилцснаа хүргэж байна.

-Та өөрийн тав дахь үзэсгэлэнгээ 16 жилийн дараа “Чулууны хээ” нэртэйгээр олны хүртээл болгосон. Үзэсгэлэнгийн хувьд их өвөрмөц содон дэглэлттэй үзэсгэлэн болсон юм шиг санагдсан. Энэхүү үзэсгэлэнгээ гаргах болсон талаараа хоёулаа яриагаа эхлэх үү?

-Энэ удаагийн үзэсгэлэн маань 80 гарсан өвгөн миний тайлан гэж хэлж болно. Үзэсгэлэнгээрээ 50 гаруй жилийн хугацаанд судалж, цуглуулсан цуглуулгаа сонирхууллаа. Өмнөх үзэсгэлэнгүүд маань уламжлалт эмийн чулуу, эрдсийн, ардын чулуун урлал зэрэг дор бүрнээ сэдэвтэй байсан. Харин энэ удаа байгаль тэр дотроо чулууг уран сайхан, гоо зүйн талаас нь өнгийж харахыг хичээсэн юм. Ер нь аливаа юмны төгс форум чулуунаас эхтэй. Олон жилийн турш крилл үсгийн цагаан толгойн 35 үсэг, 1-10 хүртэлх тооны цифрийг цуглуулсан. Миний зэвсэг бол алх, цүүц хоёр шүү дээ. Хамгийн анх 50-иад жилийн өмнө нэгийн тоог анх олсон. Тэгээд л чулуунуудаа цуглуулсны дараа баримттайгаар олонд сонирхуулах үүднээс “Чулууны хээ” үзэсгэлэнгээ гаргах болсон. Мөн үзэсгэлэндээ чулуун дотроос гардаг уран зургууд, бодит хүмүүсийн үйл хөдлөл, имиж төрхийг харуулсан чулуунуудаа дэлгэсэн. Уг үзэсгэлэнг маань үзсэн хүмүүс ихэд сонирхож байгаа бололтой. Зочдын зарим нь Элчин сайдын яамдаас ирсэн бол гадны жуулчид ирж үзээд, гайхацгааж байлаа.

-Олны сонирхлыг татахуйц сайхан үзэсгэлэн болсон. Үзэсгэлэнг сонирхсон хүмүүсээс цуглуулгаас тань худалдаж авах санал тавьсан уу?

Чулууг минь худалдаж авах хүсэлтэй хүмүүс олон байна лээ. Зарим нь бүр цагаан толгойн 35 үсэг, 1-10 хүртэлх тоо, хөөргийг маань авъя гэж байсан. Салбар салбарын хүмүүс өөрсдийн сонирхдог чиглэлээр чулууг маань сонирхдог. Тэдний буруу гэж юу байх вэ.

“Чулуулгийн эд эс нь эрдэс. Тэр эрдэс бүр нь өөрийн гэсэн өнгөтэй, талсттай байдаг”

-Тэдэнд худалдаж авахыг зөвшөөрсөн гэсэн үг үү?

-Үгүй ээ. Юу гэж дээ. Өмнө нь гаргаж байсан үзэсгэлэнгийн үеэр жуулчид ихтэй байсан. Миний шүтдэг “Алтайн бараа” хэмээх мана чулуун бүтээлийг маань нэг жуулчин худалдан авах санал тавьж, нэлээд өндөр үнэ хэлж байсан юм. Тэгээд би зөвшөөрөөгүй.  Би нутгийнхаа чулууг гадны хүнд зарж идэх дээрээ тулсан өвгөн биш. Хэдэн хүүхэд маань байна. Ер нь би амандаа нэг юм зуучихвал тавих дургүй л өвгөн дөө. /инээв/ Энэ удаагийн үзэсгэлэнгээрээ ч чулуугаа наймаалцах талын юм бодсонгүй. Үзэсгэлэнгийн үеэр хүмүүс “Энэ хаанаас олсон чулуу вэ” гэж их асууцгаасан. Энэ их осолтой асуулт. Урьдны үзэсгэлэн дээр ягаан болорын агуй хэлж өгснөөс болоод хүмүүс очоод сүйтгээд хаячихсан. Тийм учраас би чулуугаа хаанаас олсноо хэлэх дургүй.

-Таныг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул гэж дуулсан. Цуглуулгад тань төрсөн нутгийн чулуу хүндтэй байр суурь эзэлдэг байх?

-Тийм ээ. Би анх л төрсөн нутгийнхаа чулуунаас л цуглуулгаа эхэлсэн. Нутгийнхаа хээрийн жоншин дотор гөрөөс хэлбэртэй боржин чулууг анх олж харсан. Тэгэхдээ одоо тэр чулуугаа харахаар анх харснаас арай өөр харагддаг. Бас туулайн дүрст мана чулуу бий. Нутгийнхаа чулуунуудаа “Чулууны хээ” үзэсгэлэндээ дэлгэсэн. Би эрдэс судлалын инженерээр  15 жил ажилласан хүн. Тэр л цагаас чулууг судалж, цуглуулж эхэлсэн.

“Үзэсгэлэнгийн үеэр хүмүүс “Энэ хаанаас олсон чулуу вэ” гэж их асууцгаасан. Энэ их осолтой асуулт. Урьдны үзэсгэлэн дээр ягаан болорын агуй хэлж өгснөөс болоод хүмүсс очоод сүйтгээд хаячихсан. Тийм учраас би чулуугаа хаанаас олсноо хэлэх дургүй”

-“Чулууны хээ” үзэсгэлэндээ 400 гаруй чулууг дэлгэн үзүүлсэн. Эдгээр нь таны цуглуулгын зөвхөн нэгээхэн хэсэг нь гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бүхэн миний цуглуулгын нэгээхэн хэсэг л дээ. Цуглуулгад маань Монголд унасан солирын цуглуулга ч бий. Уг солирын найрлагыг найзтайгаа хамтарч бичиж байсан юм. Миний цуглуулга ардын чулуун хөгжмийн зэмсэг, бичгийн хэрэгсэл, ахуйн хэрэгсэл, чулуун зэвсгийн үеийн олдвор зэрэг олон төрөлтэй. Чулуулгийн эд эс нь эрдэс. Тэр эрдэс бүр нь өөрийн гэсэн өнгөтэй, талсттай байдаг. Гэхдээ эрдсийн олон арван цуглуулгаасаа хэсгээс нь л сонирхуулсан. Усан болор гэхэд харандаа шиг зургаан талтай, шовх үзүүртэй байдаг. Дамдин бурхны сүлд чулуу болох шоо чулуу ч бий.

-Монголчууд чулууг гоёл чимэглэлд ашиглахаас гадна анагаах ухаанд өргөнөөр ашигладаг. Анагаах увидастай ямар ямар чулуу байдаг юм бэ?

-Монголын уламжлалт эмнэлэгт хэрэглэгдэж буй чулуунаас гадна хөдөө нутгийн ард түмэн өөрсдөө хэрэглэсээр ирсэн чулуунууд байна. “Лууны гэдэс” гэдэг гэдэс шиг чулуу дизентри буюу цусан суулгад буцалгаж уудаг. Мөн Бадархундага нуурын дэргэдэх балжир чулууг хоолойн ангинад хүлхдэг. Зангуу чулууг бөөр эмчилэхэд хэрэглэдэг. Зарим хөдөө айлуудаар орохоор зангуу чулууг аягандаа хийчихсэн цай ууж байх жишээтэй. Нүүр гар цайдаг өвчинд цоох билүү гэдэг чулууг цэвэр зэсээр үрээд баасыг нь түрхэж хэрэглэдэг. Амны хөндийн буйл гэмтэхэд цэвэр аранжин зэс хүлхээд унтахад маргааш нь эдгэрдэг. Энэ мэт анагаах увидастай чулуу их бий.

-Монголчууд задын чулуу хур бороо оруулдаг гэдэг. Жижигхэн үхэр чулууг гэрийн униндаа өлгөдөг. Энэ бүхэн ямар учиртай юм бэ?

-Ер нь задын чулуу домгийн чулуу. Чулууг нэрлэхдээ хүртэл наймааны, шинжлэх ухааны нэр гэж хоёр янзаар нэрлэдэг. Одоо цагаан шүрэн хөөрөг гээд л үнэд хүрээд байна шүү дээ. Гэтэл тэр үнэндээ шүр биш. Наймааны нэр нь цагаан шүр. Шинжлэх ухааны нэр нь магназит гэж нэрлэдэг. Миний цуглуулгад үхэр чулуу цөөнгүй бий. Гэрийнхээ тооно, унинаасаа үхэр чулууг уядаг нь эрт үеэс уламжлагдсан зан үйл юм. Эртний хүмүүс оромж, овоохойгоо салхинд хийсгэхгүйн тулд үхэл чулуугаар татлага хийж даруулдаг байж. Тэгээд нүүдэл суудал хийхдээ тэр том чулууг авч явахад хүнд учраас дом болгож жижиг хэсгийг нь өлгөдөг учиртай.

-Сүүлийн үед монгол, хятад чулууны үйлдвэр олширчээ. Тэр дундаа сайн чанарын чулууны үйлдвэр хэр олон байгаа бол?

Миний хувьд үргэлж сэтгэл өвдөж, зүрх зүсэгдэж явдаг зүйлийн нэг энэ асуудал. Хуучин ЗХУ гэж байхад манайд хас чулууны сайн чанарын уурхай байсан. Тэр уурхайн үйлдвэрт тамхины үнсний сав, бичгийн хэрэгсэл хийгээд дуусгасан. Одоо тэр үйлдвэр хаагдсан. Өнөө цагт чулууг ашиглаж л байвал чулуунд юу нуугдаж байгааг анхаарахгүй хэрчээд л хаядаг болж. Ер нь сүүлийн үед чулуун соёлын хувьд хөөрөг л хийдэг болсон байна. Энэ бол дэндүү явцуурсан хэрэг.  Мөн гар хийцийн шатар хийдэг уламжлал ч тасарчээ. Юм л бол машинаар хэрчээд л хийж байна. Миний цуглуулгад гараар урласан, уран нарийн хийцтэй арваад чулуун шатар байдаг. Мөн хүмүүст чулууны талын мэдлэг их дутуу байна. Чулуу яагаад ийм байгааг тайлбарлаж чадах мэдлэг байхгүй. Зарим нь би чулуу цуглуулдаг гээд багадаа гэр барьж тоглож байсан шиг чулуу үзүүлэх гээд байдаг.

“Лууны гэдэс” гэдэг гэдэс шиг чулуу дизентри буюу цусан суулгад буцалгаж уудаг. Мөн Бадархундага нуурын дэргэдэх балжир чулууг хоолойн ангинад хүлхдэг. Зангуу чулууг бөөр эмчилэхэд хэрэглэдэг”

-Та “Чулууны хээ” үзэсгэлэнгийн үеэр монгол нутгаас хамгийн сүүлд олдсон шинэ чулууг дурдаад өнгөрсөн. Энэ талаар дэлгэрэнгүй тодруулж ярихгүй юу?

-Монголийн байгалиас хамгийн сүүлд олдсон дөрвөн эрдэс чулууг нээсэн. Түүний гурвынх нь дээж надад байгаа. Онгон хайрханаас олдсон Онгонед, Монгол орны нэрээр нэрлэгдсэн Монголед, америкийн сансрын нисгэгчийн нэрээр нэрлэгдсэн Армстронг гэж бий. Сүүлчийнх нь Баянхаанаас олдсон Баянхаанед гэж байдаг. Энэ чулууг дээжлэхэд хэцүү ч онолын хувьд батлагдсан чулуу юм.

-Таныг гадаад иргэдэд чулуугаа худалдах дургүй гэж сонссон. Гадны хүнээс эх орныхоо ширхэг чулууг харамлаж буй энэ сэтгэл залуус бидэнд үнэтэй сургааль юм. Эх орон ширхэг чулуунаас эхэлдэг гэдэг шүү дээ?  

-Би монгол хүн. Нутгийн чулуугаа хөндөх ч хориотой. Гэтэл над шиг энд тэндхийн чулуу цуглуулсан нүгэлтэй хүн байна уу, үгүй юу. Зарим хүн нэг чулуу авчихаад өвчин туслаа гэдэг. Гэтэл намайг байгаль дэлхий минь ямагт харж үзэж, өдий хүртэл амьд явуулж байгаад талархаж байна. Эх орон ширхэг чулуунаас эхтэй. Миний хувьд ширхэг чулуугаа өгчихвөл эх орноо өгч байгаа юм шиг л санагддаг. Надад хэдэн төгрөгний төлөө чулуугаа наймаалцах бодол байхгүй. Ер нь би энэ хэдэн чулуугаараа наймаалцвал овоо юм цуглуулах байх. Бүр ядлаа гэхэд энэ хэдэн эм тангийнх нь чулуугаар хөөрхөн дөвчигнөөд байж болох л байсан. Миний гол зорилго чулууг судалж, цуглуулах. Тийм ч учраас “Монголчуудын чулуун өв соёл” нэртэй номоо 2013 онд гаргасан.

-Сүүлийн жилүүдэд монгол газрын баялаг чулууг ихээр түүж, Хятад улс руу худалдаалдаг болсон байна. Та судалгаа хийж явахдаа ийм хүмүүстэй таарч байв уу?

-Энэ асуудал цөхрөнгөө бараад байна. Дорноговь аймгийн Мандах суманд орших Сүйхэнт хэмээх чулуужсан модон ойн дурсгалт газар бий.  Надад Сүйхэнтийн ойн 1960-аад оны гэрэл зураг хадгалагдаж байдаг. Харин одоо тэндхийн хөрсөн дээр юу ч үгүй сүйтгэсэн байна лээ. Би ноднин говьд явж байхад тас шувуу шиг бараан зүйл нүдэнд туссан юм. Ойртоод очтол говийн авгай, хүүхдүүд ямааны сам барьчихсан газар самнаад сууж байлаа. Тэд чулуу самнаж, Хятад руу зардаг юм байна л даа. Үнэхээр харамсалтай газрын хөрсөн дээрээ юу ч байхгүй болсон байсан.

-Танай гэр багахан хэмжээний музей шиг л болжээ. Таны цуглуулгаас улсын музейн сан хөмрөгт авах хүсэлт тавьж байсан уу?

-Улсын музейд нэг чулууг нь худалдаж авах чадал байхгүй. Тийм ядмаг байна шүү дээ. Би Байгалийн түүхийн музейн 70 жилийн ойгоор 70 ширхэг чулуу бэлэглэж байсан. Би өөрөө музейд бэлэглэнэ үү гэхээс надад худалдаж авах санал тавьдаггүй. Харин хувь хүмүүс “чулуу худалдан авья” гэдэг санал тавьдаг. Би нас өндөр болсон учраас хүүхдүүдээ өгөөд заримыг нь улсад өгөх хэрэгтэй байна. Миний цуглуулгыг нэгтгэвэл асар том талбай хэрэгтэй. Сая үзэсгэлэнгээрээ цуглуулгынхаа гуравны хоёрыг л үзүүлсэн. Он жил өнгөрөх тусам чулуундаа “дарагдсан” өвгөн болоод байна даа.

“Гэтэл над шиг энд тэндхийн чулуу цуглуулсан нүгэлтэй хүн байна уу, үгүй юу. Зарим хүн нэг чулуу авчихаад өвчин туслаа гэдэг. Гэтэл намайг байгаль дэлхий минь ямагт харж үзэж, өдий хүртэл амьд явуулж байгаад талархаж байна”

-Таны цуглуулга ихэвчлэн жижигхэн хэмжээтэй байх юм. Энэ жижиг чулуу хэн хүний нүдэнд тусаад байддаггүй байх?

-Миний цуглуулга хумсын толио шиг жижиг учраас л хадгалж болоод байна. Би чулуугаа хөдөө хээрээс авч ирэхэд их шилж сонгодог. Тэгэхгүй бол машин чулуу авч ирээд юу ч болгож чадахгүй байж болно. Энэ “Хайрхан уул” хэмээх мана чулуун бүтээлийг хайлуур жоншноос зүсэж гаргаж авсан. Жигтэйхэн будан манан татсан сайхан зураг байгаа биз. Ийм л бүтээл гарна гэж бодож чулуугаа сонгох хэрэгтэй. Заримдаа чулуугаа зүсүүлэхээр миний санасан шиг гарахгүй бол уйлах дөхнө. Санаснаар сайхан бүтээл гараад ирвэл бөөн баяр болно шүү дээ гэв.

Тэрбээр нэгэнт “Хайрхан уул”-аа ярьсан юм чинь “Алтайн бараа” –гаа ярихгүй бол бас болохгүй гээд нарны гэрэлд жаазтай зургаа барьж харуулав. Сүрлэг хөх уулсын оргил үүлсийн үзүүр шүргэж үзэгдэнэ. Үнэхээр байгалийн уран зураг гэгч нь энэ байх. Г.Гонгоржав гуай “Надад энэ чулуунууд дээр нэг цэг, зураас зурах ямар ч эрх байхгүй. Энэ бүхэн байгаль эхийн маань бүтээл” хэмээн ярилаа. Ийн өвгөн судлаач үнэтэй сургаалиа хайрлаж, сайхан ерөөлөөр биднийг үдэн гаргасан юм.

А.ЦЭЭСҮРЭН

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж