Налайхад орхигдсон нинжа нар

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

Налайхад орхигдсон нинжа нар

Нинжа гэдэг нэр томъёо чухамдаа Налайхаас эхтэй гэвэл дэгсдүүлэг болохгүй биз ээ. Гар аргаар нүүрс олборлож, халтартсан царай нь нинжагийн халхавч шиг харагдсанаас ийн нэрийдсэн байж болох юм. Социализмын үед эрчимтэй ажиллаж байсан нүүрсний уурхай  хаагдаж мянга, мянгаар тоологдох уурхайчид ажилгүйдэн үлдсэн нь 1990-ээд он. Тухайн үед гэнэт нүүрлэсэн зах зээлийн шуурга, мөнгөний ханшны уналт,  дээрээс нь уурхайг хаасан учраас 5000 гаруй уурхайчин хүрз, зээтүү барин гар аргаар нүүрс олборлохоос аргагүйд хүрсэн юм. Налайх орчмын нүүрсний орд одоо ч хоосорсонгүй, нийслэлийнхний галыг залгуулсаар. Харин тэнд ажиллаж буй бичил уурхайчдын ахуй амьдрал, ажиллах нөхцөл сайжирч дээрдсэн зүйлгүй жарны талыг үджээ.

Одоогийн байдлаар нийслэлийн Ашигт малтмалын газраас албан ёсоор  зөвшөөрөл авч ажиллаж буй  бичил уурхай Налайх дүүрэгт 3-4-өөс хэтрэхгүй гэдгийг ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын дарга, онцгой байдлын ахлах дэслэгч  Н.Бямбасүрэн тодотгож байна. Тэнд нүүрс олборлож буй уурхайчдын олонх нь гэрээ хийсэн төдийгөөр хувиараа ажиллагсад.  Яг хичнээн хүн ажиллаж байгаа, хэдэн амнаас хэдий хэрийн нүүрс олборлож, түүнээс хэдэн айл хоолтойгоо залгаж буй тухай албан мэдээлэл гаргасан нь үгүй. Ер нь тэндхийн нинжа нар дотор нэрнээс цаашхи нь тодорхойгүй хүн цөөнгүй гэдгийг аврагч нар хэлж байлаа. Осолдсон хүмүүсийн ар гэр, ахуй амьдралынх нь тухай мэдэхгүйгээс хугацаа алдаж мэдээлэл хүргэсэн тохиолдол ч бий гэнэ.

2016 онд гарснаас хойш Налайхын бичил уурхайн орчинд нийтдээ 29 удаагийн осол гарсан байна. Осолд 34 хүн өртсөнөөс, 11 нь амь үрэгдэж, 23-г аврагч нар аварчээ. Уурхайд ажиллагсад голчлон 20-40 насныхан байдгаараа онцлог. Нэгэн үе Налайхад насанд хүрээгүй хүүхэд багачуудыг ажиллуулдаг, ингэхдээ уурхайн гүн рүү оруулдаг байсан. Харин одоо уурхайн гүн рүү хүүхэд оруулахаа байсан ч уурхайн орчинд нүүрс ялгах, ачих, савлах, зөөх зэрэг хүнд хүчирт хүүхдүүд зүтгэсэн хэвээр байгаа ажээ.

Уул уурхайд гарч буй ослыг гал түймэр,  нуранги, агааргүйдсэн,  техниктэй холбоотой гэсэн дөрвөн төрөлд хуваадаг байна. Осол аваараас  хамгийн хүнд нь агааргүйдсэн осол юм. Агааргүйдсэн ослын үед 30 минутаас гурван цаг үргэлжилдэг бол нурангид дарагдсан ослын үеийн аврах ажиллагаа  багадаа дөрвөн цаг цаашлаад  3-4 өдөр ч үргэлжлэх нь бий гэнэ. 2016 он гарснаас хойшхи гуч орчим дуудлагуудаас хоёр гурван удаа олон тооны хүн осолдсон ноцтой осол гарчээ. Энэ оны зургадугаар сарын 8-ны өдөр босоо аманд нуралт үүсч, таван  хүн дарагдсан нь хамгийн хүнд аваар осолд тооцогдож байгаа аж. Мөн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гурван хүн нурангид дарагдсан хэрэг гарчээ. Уурхайн осол аваар газар гэсгүүн үед, хавар намрын улиралд илүүтэй тохиолддог гэдгийг туршлагатай аврагч нар хэлж байна. Тиймээс жил бүрийн гуравдугаар сараас хойш нүүрс олборлохыг хориглодог ч хувиараа ажиллагсад ёс журмыг дагах нь үгүй ажээ. Түүнчлэн баяр ёслолын үеэр  нинжа нар хэт ачаалалтай ажилласнаас осолдох нь бий гэнэ. Шинэ жил, цагаан сарын үеэр хүмүүс нүүрс түлээгээ их хэмжээгээр авдаг учир гар аргаар нүүрс олборлогчид тэр боломжийг ашиглах гэхдээ бэхэлгээ хийлгүй уурхайн гүн рүү орох, бэхэлгээний рамыг стандарт бусаар холдуулж байрлуулснаас болж осолдсон харамсалтай хэрэг цөөнгүй гарчээ. Энэ жилийн хувьд цаг агаар эрт хүйтэрч, нүүрсний хэрэгцээ өмнөхөөс өсчээ. Энэ хэрээр уурхайчид орлоготой байгаа нь сайн хэрэг боловч, уурхайн нөөц багасч, нэлээд гүн рүү орж лоборлолт явуулж байгаа нь түгшүүр төрүүлж байгаа юм.

Налайх дахь Уул уурхайн аврах анги 53 ажилтан, албан хаагчтай. Тэднээс 32 нь аврагч нар бол бусад нь удирдлага, санхүү аж ахуй, техникийн ажилтнууд,  инженерүүд ажээ. Хэдийгээр аврагчдын тоо хангалттай мэт боловч  5-6 үцаг үргэлжлэх ослын үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаас аргагүйд хүрдэг байна.  Одоогийн байдлаар тус ангид  20-50 насныхан аврагчаар ажиллаж байгаа бөгөөд аврах ажиллагаанд амралт байдаггүйгээрээ онцлог. Хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байхад аврагч нар ядрах, хойш суух эрхгүй бөгөөд эцэтлээ ажилласан ч нурангид дарагдсан, уурхайн гүнд агааргүй орчинд  осолдсон хүмүүсийг аварч чадахгүй тохиолдол л хамгийн харамсалтай байдаг байна.

Гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд буюу бидний хэлж заншсанаар “Нинжа” гэх тодотголтой иргэдийн талаар төрийн зүгээс дорвитой үйл ажиллагаа явуулалгүй бодлогын түвшинд орхигдсоор ирсний хамгийн илэрхий жишээ бол Налайхын уурхайчид. Тэднийг ажил, амьдралын орчныг зохицуулах хууль эрх зүйн зүйл заалт ч  хангалтгүй хэвээр байна. Шороо, чулуунд дарагдаж, амь насаа алдсан нинжа нарын тоо жил хүрэхгүй хугацаанд 13 хүрчихээд байгаа юм. Үүнээс гадна эрүүл мэндийн наад захын шаардлагыг хангахгүй, агааргүй, хүйтэн, чийгтэй орчинд ажиллаж байгаагаас үүдэн үе мөч, бөөр, ууц нуруугаар хатгах, хоолой сөөх, цээжээр хатгуулах зовиур бараг хүн бүрт илэрдэг гэнэ. Налайх дүүргийн 8992 өрх, 32.5 мянган хүн амын цөөнгүй хувийнх нь амьдрал бичил уурхайгаас хамааралтай байгаа, хойшид ч хамааралтай байх нь тодорхой тул мартагдаж, орхигдсон нинжа нарын төлөө багаханыг ч болов хийж хэрэгжүүлэх сэн. Алийн болгон мөнгө олох гэж, амьдралаа залгуулах л гэж уурхайн гүн рүү өөрсдөө сайн дураараа орж байгаа гэсэн хүйтэн хөндий тайлбараар ам таглаж байхав дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж