Хүйтний эрч чангарч, улсын хэмжээнд томуугийн вирусын шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Томуу болон томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 93.1 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.
Өнгөрсөн өвөл идэр ес тачигнаж байхад хүн амын дунд томуугийн А хүрээний H1N1 вирус зонхилж байв. Тухайн үед дөнгөж нярайлсан эх уг өвчнөөр амиа алдсан юм. Тэгвэл өдгөө томуугийн нэг төрөл болох риновирусийн халдвар олны дунд тархаад буйг мэргэжлийн байгууллагынхан хэллээ. Томуу үүсгэгч 200 гаруй төрлийн вирус байдгаас риновирус нь бидний хэлж заншсанаар шуухитнаа аж.
Энэ нь амьсгалын дээд зам буюу хамар, залгиурын эрхтнийг үрэвсүүлэн, хоолой өвтгөж, нармайг гэмтээдэг. Томуугийн А, В, С хүрээний вирусийг бодвол рино нь хатгалгаа үүсгэх магадлал багатайг ЭМЯ-ныхан хэлж буй. Гэхдээ тайвшрах зүйл биш.
Ханиад, томуу нь агаар дуслын замаар халдварладаг, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Идэвхтэй дэгддэг үе нь 10-4 дүгээр сар. ХӨСҮТ-ийн харьяа Томуугийн үндэсний төвийнхний хэлснээр улсын хэмжээнд жилд дунджаар 350 мянга гаруй хүн томуу, томуу төст өвчин тусдаг. 2014 онд томуутай хүн 450 мянгад хүрч байжээ. Өвлийн ид хүйтэнд бол долоо хоногт 6000-9000 хүн өвдөх нь ч бий аж.
Салбар яам нь энэ жил 40 мянган хүнд томуугийн вакцин хийхээр төлөвлөжээ. Эрсдэлтэй бүлгийн иргэд, эмнэлгийн ажилчид, бага насны хүүхдээс бусад нь 13-15 мянган төгрөг төлж, вакцинд хамрагдах боломжтой.
Засгийн газраас халдварт өвчнийг намжаах чиглэл салбарын яамдад нь хүргүүлж, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагад шаардлага хүргүүлжээ. Үүнд:
-Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай болон дотуур байранд амьдарч буй суралцагчдад үйлчилж буй хоолны илчлэг, шим тэжээллэг байдал, чанарт байнгын хяналт тавьж, халуун аарц, сүү, байгалийн жимсгэнийн шүүс уулгаж байх
-Суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт ханиад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, сургалт зохион байгуулах, Эрүүл мэндийн яамнаас зөвлөмжилсөн “Цэгэн иллэг”-ийг зааврын дагуу заавал хийж сургах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
-Өвлийн улиралд хүүхдийг даарч хөрөхөөс сэргийлэн дулаан хувцас, малгай, бээлийг заавал хэрэглүүлж хэвшүүлэх талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, хамтран ажиллах
-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эрүүл мэндийн үзлэгийг тогтмолжуулж, өвчилсөн тохиолдолд эмчээс өгсөн зааврын дагуу эмчлүүлж байх талаар эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөх
-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадна талбайд хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх, хүүхдийг сургуулийн орчинд ахуйн болон зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс сэргийлэхэд чиглэсэн бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
-Бага ангийн суралцагчдыг хичээл тарсны дараа эцэг эх, асран хамгаалагч нарт нь заавал хүлээлгэн өгч байх
-Цэцэрлэг, сургууль, дотуур байрын анги танхим, өрөө тасалгааны дулааныг хянаж, халаалт, түлээ нүүрсний татан авалт, нөөцөд анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах зэрэг чиглэлийг өглөө.
Д.УУДАМ