Японы улсын Фукушима хүчтэй газар хөдөлсөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзжээ. Хэдийгээр улс оронд нь гамшигт үзэгдэл болж, багагүй хохирол амсаад буй ч Элчин сайд мундаг дипломатчийн хувиар энэ талаар төдийлөн үг унагасангүй. Харин ч монголчууд өөрсдөөсөө болоод өнөөгийн хэцүүхэн байдалд орсон гэдгийг сануулсан утгатай хэлэв. Тэрээр Монгол, Японы харилцааг хөгжүүлэхээр 40 орчим жилийн үнэтэй хувь нэмрээ оруулсан нэртэй монгол судлаачийн хувьд бидний талаар багагүй судалгаа хийсэн нь хэлсэн үгнээс нь шууд ойлгогдоно.
Элчин сайд “Монгол Улс энэ хугацаанд хөгжих боломж байсан, энэ боломжоо бүрэн ашиглаж чадаагүй. Шинэ Засгийн газар зөв бодлого барьж ажиллабал Монголын эдийн засаг гурван жилийн дараа сэргэнэ гэж харж байгаа” гэжээ.
Тулга тойрсон хэрүүл хийж, өмнөх эрх баригчиддаа хамаг буруугаа нялзаагаад, өөрсдөө гэмгүй мэт явдаг манай улстөрчдийн үнэн төрх, байгаа байдлыг цөөн үгээр, эвтэйхэн хэлсэн нь энэ.
Цаашид энэ байдлаа засч чадвал гурван жилийн дараа эдийн засгаа сэргээх боломж байгааг ч тэрээр хэлжээ. Өөрөөр хэлбэл, зөв бодлого барьж, эрүүл ухаанаар хийж чадвал эдийн засгийн хямралыг эвтэйхэн даваад гарах боломж байгааг сануулав.
Манай улстөрчид өөрсдийгөө буцаж буй Элчин сайдын нүдээр хардаг ч болоосой.
Л.ХАЛИУ