“МАН-ын уур амьсгал эрүүл”

Хуучирсан мэдээ: 2016.11.23-нд нийтлэгдсэн

“МАН-ын уур амьсгал эрүүл”

-Бид одоо бол хямралтай тэмцээд байгаа юм. Хямралыг үүсгэсэн учир шалтгаантай тэмцэхгүй бол хямрал дахиад давтагдана-

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар товч тодруулга авлаа.


-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнг МАН-ын бүлгийн хурлаар авч хэлэлцсэн. Хуралдааны үеэр Хөгжлийн банктай холбоотой хэд хэдэн хүнийг шалгуулах асуудал хөндөгдсөн юм байна.  Энэ талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Хэн, хэнийг шалгахаа хуулийн байгууллага шийднэ. Миний бодлоор Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын мөрөөр явах ёстой. Үнэхээр эргэж орж ирэхгүй зээлүүд гарсан бол хариуцлага нь Монгол Улс дээр бууна. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид энэ мөнгийг төлөх болоод байгаа юм. Харин зээл авсан аж ахуй нэгжүүдээр төлүүлэх юм бол татвар төлөгчдөд ачаалал ирэхгүй. Хөгжлийн банкнаас олгосон зээл бүр хариуцлагатай шийдвэр байсан. Тиймээс Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын хөтлөлтийг үзэх хэрэгтэй. Тэр хурал дээр хэн, хэнд мөнгө зээлсэн, хэн нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэдэг тодорхой харагдана.

-Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шатаар буурлаа. Энэ нь олон улсын байгууллагаас өгч буй эдийн засгийн байдлаа сэргээ гэсэн дохио байх. Тиймээс Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг дэмжих асуудал дээр МАН-ын гишүүд санал нэгдэж байх шиг байна. Гэтэл энэ хөтөлбөр гол асуудлаа тойрсон, тооцоо судалгаа муутай болжээ гэсэн шүүмжлэл гараад байсан. Тэгэхээр хөтөлбөрөө засч сайжруулаад хэрэгжүүлэх байх тийм үү?

-Энэ хөтөлбөрийг шинэчилж, янзлах талаар гишүүд саналаа хэлсэн. Би өмнө нь хэлж байсан “Эдийн засаг өснө гэсэн төсөөлөл хэтэрхий өөдрөг байна” гэж. Бид одоо бол хямралтай тэмцээд байгаа юм. Хямралыг үүсгэсэн учир шалтгаантай тэмцэхгүй бол хямрал дахиад давтагдана. Тиймээс төрийн тогтолцоо, бүтцийн өөрчлөлтийн асуудал орж ирэх ёстой. Монгол Улс хямралаас гарна гэхээр бид зөвхөн эдийн засаг, мөнгөний бодлого, хүүгийн бодлого гэж яриад байна. Харин ч төрийн бүтэц өөрчлөлт шинэчлэлийн асуудлаа ярих ёстой. Тэр дундаа төрийн байгууллагын тогтвортой байдал, цомхон байдлыг хангах эрх зүйн орчин бий болгох шаардлагатай. Хэдэн тоотой зууралдаад байх юм. Монголд байгаа нөөц хөрөнгө багассан. Буцаад арвижуулахын тулд гадны хөрөнгө оруулалт оруулах тал дээр ажиллах ёстой. Гэтэл одоо зээлийн асуудалд илүү анхаараад байна. Зээл хэдийгээр хөнгөлөлттэй ч буцаад төлдөг шүү дээ. Тиймээс гадны хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах тал дээр анхаарах ёстой. Заримдаа төөрөгдсөн асуудал явдаг. Жишээ нь Арбитрын тухай хуулийг батлах явцад энэ хууль гадны хөрөнгө оруулалтыг сайжруулах арга хэмжээний нэг гэж яриад байна. Гэтэл Монголын арбитрын хууль бол гадны хөрөнгө оруулалтыг татах хүчин зүйл биш. Яагаад гэвэл гадны хөрөнгө оруулагч гурав дахь орны арбитрыг сонгодог. Тэгэхээр арбитртай холбоотой асуудал байгаа оноогүй. Энэ мэт төөрөлдсөн асуудлыг арилгах хэрэгтэй.

-Тэгвэл байгаа онох эхний алхам юу вэ?

-Төсвийг хэмнэх ёстой. Гэхдээ хэрэгтэй зүйлд зарцуулах ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээнд бид мөнгө зарцуулж байж эргэж олно. Бүх зүйлийг хэмнэх нь эргээд үр дүн өгөхгүй. Бодлогоо оновчтой болгох тал дээр хийх зүйл их бий.

-МАН-ын доторх уур амьсгал ямар байна вэ. Засгийн газрын оруулж ирсэн зарим бодлого УИХ дээр унадаг тал бий. Үүнээс болоод нам доторх уур амьсгал сайнгүй байна гэж дүгнэх хүн байна?

-МАН-ын уур амьсгал эрүүл байгаа. Бид хуваагдаад, Засгийн газрынхаа эсрэг явсан зүйл байхгүй. Тийм байгаасай гэж хүсч байгаа хүмүүс бий. Гэхдээ тэдний хүслээр болохгүй. Яагаад гэвэл эв нэгдэлтэй байж энэ хямралын ард гарна. Би бол Засгийн газрын оруулж ирсэн зарим нэг бодлогыг УИХ нь засаад явж байгаа нь сайн зүйл гэж бодож байна. Юу эмгэнэл байх байсан бэ гэвэл Засгийн газрын бариад ороод ирсэн бодлогыг УИХ нь гар өргөн дэмждэг бол эмгэнэл. Нэг нам олонх болсон ч асуудлаа ярилцаад, шүүмжлээд явж чадаж байгаа нь олон ургалч үзэлтэй байгаагийн илрэл юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж