“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний үнээ өсгөлөө

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний үнээ өсгөлөө

Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний  үнийг нэмэгдүүлэх  зорилгоор дахин хэлэлцээ хийж, 2016 оны арванхоёрдугаар сарын нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлын үнээс 85 хувиар буюу 1,8 дахин нэмэгдүүлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2017 оны I улиралд нүүрсний үнэ тогтоох индекс болон зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт зэргийг урьдчилан  тооцсон төсөөллөөр Цанхийн Зүүн уурхайд 1 тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулахаар төлөвтэй байгаа аж.

Зах зээл дэх  нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор тус компани Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг  эхлүүлжээ.

Баруун Цанхийн олборлогчоор “ Эс Жи Эс” ХХК, “Хишиг Арвин ” ХХК, “Моннис” ХХК зэрэг уул уурхайн томоохон олборлогч Монголын Үндэсний компаниудын нэгдэл орж байгаа бөгөөд хоёр сарын дотор 1.1 сая тонн нүүрс олборлох юм байна.

Цанхийн баруун уурхайн олборлолт эхэлснээр нүүрсний үнийг зах зээлийн үнээр борлуулах боломж  бүрдэх аж.

Ирэх онд Тавантолгойн ордын Цанхийн Зүүн болон Баруун уурхайд  олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар  улсын төсөвт 100 орчим сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлж, Чалко болон TTJVCo компанийн  өр төлбөрийг барагдуулж, Монгол  Улсын гадаад валютын эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой болох юм байна.

Мөн Тавантолгойн орд орчимд 5000 гаруй байнгын ажлын байр бий болгон, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих төдийгүй улс орны эдийн засагт тодорхой түлхэц үзүүлнэ гэж тус компанийн зүгээс тайлбарлалаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж