НӨАТ-ын урамшуулалт системийн ээлжит сугалааны тохирлоор 100 сая төгрөгийн азтан хоёр тодорчээ. Мөн дөрвөн сая төгрөгийн азтан тав, 500 мянган төгрөгийн 69, 100 мянган төгрөгийн 561, 20 мянган төгрөгийн 5597 азтан нийт 6234 азтан тодорсон байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-наас “Улсын онцгой комисс хуралдаж, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан онц байдал тогтоох түвшинд хүрч, онц байдал зарлах шийдвэр гаргасан тохиолдолд яам сургуулийн сурагчдыг амраах шийдвэр гаргана. Одоогоор энэ тухайд ямар нэгэн шийд гараагүй. ЕБС-ийн хичээл хэвийн үргэлжилж байна” гэлээ.
Санжаасүрэнгийн Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл уг хэрэгт оролцох шүүгчдийг томилжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгч М.Алдарт С.Зориг агсны хэргийг хуваарилсан байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрч буй долоо хоногийн баасан гаригт хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлаад байна. Энэхүү жагсаалтаар УИХ баасан гаригт “Оюутолгой” төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсох аж.
Арваннэгдүгээр сарын эхээр ам.долларын ханш 2720 төгрөгтэй тэнцээд 250-300 төгрөгөөр огцом буураад байгаа юм. Өчигдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2445 төгрөгөөр авч, 2448 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 2442-2460 төгрөгөөр зарж байна.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг энэ долоо хоногт багтаан томилох талаар яригдаж байна. Эх сурвалжийн мэдээллээр дөрвөн хүний материалыг эцсийн шатанд судалж үзээд Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилох боломжтой гэж үзжээ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бага дүү Н.Нарантуяаг 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өчигдөр гаргалаа. Түүний өмгөөлөгч Н.Нарантуяаг хууль бусаар цагдан хорьсон гэж үзэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээд, Н.Нарантуяаг 14 хоног хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн багачууд өчигдрөөс албандаа орж эхэлжээ. Тус цэцэрлэгийн хувьд гуравдугаар давхрын өргөтгөлийн ажил он дамжин үргэлжилснээс болж өнөөдрийг хүртэл элсэлт авалгүйгээр сул зогссон юм. Энэ хугацаанд хүүхдүүд цэцэрлэгээ хүлээсээр өдийг хүрчээ. Хэдий хүүхдүүдээ хүлээж авсан ч өнөөдрийн байдлаар дээд давхрын өргөтгөлийн ажил дуусаагүй байна.
2017 онд нийслэлийн төсөвт 656.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2016 оны батлагдсан төсвөөс 73 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувиар, 2015 оны гүйцэтгэлээс 104.5 тэрбум төгрөг буюу 18.9 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна.