“Эрдэнэт брэнд лого”-г хэрэглэх эрхийг 5 бүтээгдэхүүнд олголоо

Хуучирсан мэдээ: 2016.11.23-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт брэнд лого”-г хэрэглэх эрхийг 5 бүтээгдэхүүнд олголоо

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс Орхон аймгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах уралдааныг зохион байгуулсан. Үүнд нийтдээ 19 иргэн, аж ахуйн нэгжээс 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн ирүүлсэн байна. 

Уралдааныг зохион байгуулах ажлын хэсгээс тодорхой шалгуур үзүүлэлт болон иргэдээс олон санал авсан таван бүтээгдэхүүнийг Орхон аймгийн брэнд бүтээгдэхүүнээр сонгосон байна. Тодруулбал, Иргэн С.Түмэнбаярын бүтээл “Зэсээр урласан аяга”, “Натурал текстайл” ХХК-ийн “Орхон аймгийн түүхэн дурсгалт газрууд” хивсэн бүтээгдэхүүн, “Ширмэг цүнх” ХХК-ийн “Арьсан бүтээгдэхүүний цомог”, “Эрдмийт” ХХК-ийн “Адууны утсан мах”, “Цагаан итгэлт” ХХК-ийн “Жигнэмгийн цуглуулга” Орхон аймгийн брэндээр нэрлэгдсэн юм.

Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдийг шагнах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ “Бид Эрдэнэт хотын брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад анхаарч байгаа. Үүний хүрээнд ах дүүгийн найрамдалт харилцаатай гадаадын улс, хотуудтай хамтран ажиллана. Ингэснээр манай бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийн цар хүрээ, ашиг орлого нэмэгдэнэ” хэмээн онцоллоо. Мөн тэрээр Орхон аймагт шинжлэх ухаан технологийн парк байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр хувийн хэвшлийг дэмжих дэмжлэг бодитоор сайжирна гэсэн юм. 

Шагнал гардуулах ёслолын үеэр АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс “Эрдэнэт брэнд лого”-г  танилцуулсан. Ийнхүү Эрдэнэт хот, Орхон аймгийн брэндээр нэрлэгдсэн дээрх таван бүтээгдэхүүн энэхүү логог ашиглах эрхийг албан ёсоор хүртлээ. 

Эх сурвалж: www.erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж