
Дундаж насны хямрал нь зөвхөн эрчүүдэд л тохиолддог.
Бодит баримт:
Энэ бол ташаа ойлголт юм. Насны хямрал бол эр ч бай, эм ч бай хэнд ч ялгаагүй адилхан тохиолддог зүйл. Гэхдээ зарим тохиолдолд дундаж насны эрчүүдийн хямрал нь илүү хүчтэй мэдрэгдэх тохиолдол байдаг. Гэтэл эмэгтэйчүүд ч нэгэн адил тодорхой цаг үед насны хямралд автдаг төдийгүй, өөрийн амьдралаа эргэн харах, нэхэн санагалзах, үнэлж дүгнэхэд хүрдэг болохыг сэтгэл зүйчид олж тогтоосон байна.
Хоёр дахь төөрөгдөл:
Дундаж насны хямрал 35-40 насны орчимд л болдог.
Бодит баримт:
Өнөөгийн цаг үетэйгээ энэ таамаглал нь таарч тохирохгүй болж нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдснийг сэтгэл зүйчид олж тогтоожээ. Тэдний үзэж буйгаар дундаж насны энэхүү хямрал нь улам ч залуужаад байгаа гэнэ. Орчин үеийн ихэнх залуучууд дөнгөж 25 -хан насандаа дэндүү ихийг амжуулж үзсэн байдаг төдийгүй амжуулах гэж нойр хоолоо умартан зүтгэдэг гэнэ. Тухайлбал, бизнес эрхлэх, ажил төрөл хөөцөлдөх, хамтрагчаа олон удаа солих зэргээр ихээхэн ачаалалтай байдаг тул гутрал цөхрөлд амархан автагддаг аж. Ингэснээр дундаж насанд тохиолдох ёстой хямралын анхны шинж тэмдгүүд цэл залууд нь илэрдэг маш түгээмэл болсон гэж анагаах ухаан төдийгүй сэтгэл судлаачид бас тэгж үзэх болсон байна.
Гурав дахь төөрөгдөл:
Дундаж насны хямралаас ямар ч аргаар зайлсхийж болно.
Бодит баримт:
Мэдээж хүн бүхэн тэгж боддог. Гэтэл харамсалтай нь ингэж болдоггүй гэнэ. Эрт, орой аль ч цаг үед эрхэм уншигч та нэгэн цагт туулсан амьдралаа эргэн харж, өөрийн амжилт алдаа дутагдалдаа дүгнэлт хийж бас түүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд ордог байна. Ийм учраас хамгийн гол нь сэтгэл санаагаар унахгүй, хямрахгүй байж ирээдүй рүүгээ итгэлтэй харах хэрэгтэй шүү.
Дөрөв дэх төөрөгдөл:
Дундаж насны хямрал зөвхөн сексээс үүдэж л гардаг.
Бодит баримт:
Ихэнх хүмүүс яагаад ч юм ийм дүгнэлт хийдэг. Ерөөс эр эм ялгаагүй бүх хүмүүс сэтгэл санааны аливаа хямрал, зан харьцааны таарамжгүй байдал, хоорондын үзэл бодлын зөрчил зэргийг секстэй, тэр тусмаа сексийн идэвх, дур таашаалтай холбох гээд байдаг. Энэ бол эндүүрэл юм. Аль л муу муухай бүхнээ сексээс боллоо гэж дүгнэх нь учир дутагдалтай.
Мэдээж он удаан жил амьдарсан хосуудын дунд сексийн хямрал үүсч болно. Гэвч дундаж насны хямрал гэдэг нь сексийн харьцаанаас илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Үүнд бие физиологийн процесс, туулж өнгөрүүлсэн амьдралын явц зэрэг олон хүчин зүйлүүд ордог болохыг эрдэмтэд нотлосон байна.