2016 оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 406 мянган гомдол мэдээлэл авсан байна. Үүнээс 293 мянга нь Улаанбаатар хотод харьяалагдсан бөгөөд хэргийн гаралт 2015 оноос 12.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ховор, нэн ховор амьтны эд эрхтэнг хууль бусаар улсын хилээр гаргасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж эхэллээ.
Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийг төгссөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Европын орнууд хүлээн зөвшөөрч, магадлан итгэмжлэл олгосон байна.
Улаанбаатар хотын төвөөс 32 километрийн зайд байрладаг Хүй долоо худагт цанын бааз байгуулахаар болжээ. Судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд хотын иргэд Хүй долоо худагт очиж, цана чаргаар гулгаж, чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлэх боломжтойг албаныхан мэдээллээ.
Өчигдөр /11.15/ 09:34 минутад Хөвсгөл аймгийн төвөөс 70 км зайтай Түнэл сумын Цэнгэл нууранд ЗИЛ-130 автомашин цөмөрч живсэн гэсэн дуудлага Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Аврах ажиллагаа 12:00 цагаас эхэлсэн бөгөөд автомашин нуурын эргээс 34 метр, найман метрийн гүнд живсэн байжээ. Цэнгэл нуурын урт нь 1000, өргөн нь 800 метр орчим тогтмол нуур юм байна. Автомашинд жолоочоос гадна хоёр иргэн явж байсан, эдгээр иргэд бүгд өөрсдөө нуураас гарчээ.
Дипломат паспорттой иргэд Япон улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих хоёр улсын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээр өчигдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Гэхдээ дипломат паспорттой иргэд заавал албан хэргээр тухайн улсыг зорих болсноо албан бичгээр баталгаажуулах шаардлагатай. Хэрэв хувийн ажлаар дипломат паспорт ашиглан визгүй зорчвол боомт дээрээс буцах эрсдэлтэй. Иймээс дипломат паспорттой иргэд хувьдаа албаны паспортоо битгий ашиглаарай гэдгийг Гадаад харилцааны яам /ГХЯ/-наас санууллаа.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, “Дэлхийн цом”-ын хүрэл, Азийн аварга, Азийн наадмын аварга, Зүүн Азийн АШТ-ий аварга, ГранПри ангиллын тэмцээний 10 удаагийн аварга, улсын долоон удаагийн аварга, Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит хөнгөн жингийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхэллээ.
Сүүлийн хэд хоногт цас их хэмжээгээр орсноос нийт нутгийн 30 гаруй хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ. Ингэхдээ зуд тохиолдож болзошгүй аймгуудад Увс, Дорнод, Төв, Хэнтий, Дархан, Сэлэнгийн ихэнх сумд, Завханы хойд, Булганы зүүн өмнөд, Хөвсгөлийн баруун хэсэг хамаарч байна. Мөн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр арваннэгдүгээр сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болох төлөв гарчээ.
Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлснээр 2016 он гарснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд хилийн чанадад Монголын 56 иргэн нас баржээ.