Ойрын өдрүүдэд 41-47 хэм хүрч хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.16-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд 41-47 хэм хүрч хүйтэрнэ

Энэ жил сүүлийн 10 жил хүйтрээгүй өвөл болно гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Энэ талаар Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Ч.Сарантуяагаас тодрууллаа.

-Хэд хоногоос нийт нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна гэх юм. Ойрын өдрүүдийн цаг агаар ямар байх вэ?

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларч байна. Харин цасгүй байгаа говийн аймгуудаар 3-8 хэм хүрч дулаарна. Цас ихтэй хойд талын нутгуудаар өдөртөө 4-9 хэм, 15-23 хэм хүрч хүйтэн хононо. Харин энэ сарын 17-ноос эхлэн баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18, 19-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар 20-нд нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Говь тал хээрийн нутгаар салхины хүч 16-18 м/с, зарим үед 20-24 м/с хүрч, ширүүсэх төлөвтэй байна.

-Ихэнх нутгаар хүйтний эрч чангарах юм байна. Эдгээр өдрүүдэд хэдэн хэм хүрч хүйтрэх бол?

-Монголын нутгийн хойд хэсгээр энэ сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Томоохон голуудын хөндий болох Идэр, Тэсийн хөндий, Дархадын хотгороор 20, 21-ний шөнөдөө 41-47 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 30-35 хэм, зарим газраараа 38 хэм хүрэх төлөвтэй байна. Энэ үеэр халтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдан автозам болон төмөр замын тээвэрлэлтэд хүндрэл учрах болзошгүйг анхааруулъя. Нийт нутгаар хүйтэрвэл малын бэлчээр, хот суурин газрын дулааны хангамжид хүндрэлтэй нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй байгаа.

Энэ жил сүүлийн 10 жил хүйтрээгүй өвөл болно гэх юм. Энэ өвөл хэр хур тунадас орох вэ?

-Ер нь монголын нутгийн хүйтний улиралд ордог хур тунадасны хэмжээ жилд ордог хур тунадасны дөнгөж 10 хүрэхгүй хувийг эзэлдэг. Ялангуяа арванхоёрдугаар сард олон жилийн дунджаар 1-7 мм, нэг, хоёрдугаар сард гурван мм хүртэл цас ордог. Хүйтний төлөвөөс харахад нутгийн хойд хэсгээрээ олон жилийн дунджаас хүйтэн байна. Цаашдаа шинэ он гараад цас ихтэй нутаг болон зүүн аймгуудаар олон жилийн дунджаас хүйтэрнэ. Монголын нутгийн хойд хэсгээр он гараад баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа. Харин нутгийнхаа баруун өмнөд хэсэг болон говийн бүсийн зарим нутгаар багавтар цас орж, дулаан байх төлөвтэй.

-Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, арваннэгдүгээр сард онцгой хүйтэн өвөл болно гэсэн. Одоогоор цаг агаарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогоор нийт нутгаар нэлээд эрт их цас орж, энэ сарын эхний 10 хоногийн байдлаар монголын нутгийн 50 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй болчихсон байна. Цасны дундаж байдал баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар 6-16 см зузаан цастай. Тэр дундаа Увс аймаг, Завханы хойд тал, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн хойд тал, Хэнтий, Дорнод, Ховд, Баян-Өлгий аймгийн зарим сумдад 16-30 см, Увс аймгийн Түргэн, Хяргас сумдад хунгарласан газраа 40 см зузаан цас орсон байгаа. Цаашдаа цас нэмэгдэн орвол өвөлжилтийн байдал хүндэрч буй аймгууд зудад нэрвэгдэх нөхцөл бүрдэнэ. Өнгөрсөн зун зүүн аймгуудын Хэнтий, Дорнодын нутгаар нэлээд гандуу байсан. Өвлийн эрсдлийн тойм мэдээнээс харахад эдгээр аймгуудад цас нэмэгдэж орвол өвөжилт, хаваржилт хүндрэх магадлалтай. Мөн баруун болон төвийн аймгуудын цас ихтэй нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүснэ. Тийм учраас урьдчилан сэргийлэх аргыг авч, өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй байна.

-Сибирийн хойд хэсгээс хүйтэн агаар орж ирж, Монголын нутагт түр байрлана гэсэн мэдээлэл байна.

-Хэвлэл мэдээллээр гарч буй энэ мэдээлэл нь гадны орнуудаас авсан мэдээлэл юм шиг байна. Ойрын хугацаанд нийт нутгаар нэлээд хүйтрэх төлөвтэй байгаа. Энэ нь сүүлийн жилүүдийн арваннэгдүгээр сард болоогүй хүйтрэлт болох төлөвтэй байна. Хэрэв хүйтэрч, цасан шуурга шуурвал цаг агаарын аюултай үзэгдэл болох төлөвтэй. Манай хүрээлэнгийн зүгээс яг хэдэн хэм хүйтэрч, тэр нь сүүлийн хэдэн жилд болоогүй өвөл болно гэдэг түвшинд хараахан хүрээгүй байна. Ард иргэдэд ойрын тав, долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээлж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж