Монголын тамирчид, дасгалжуулагчид цалин, хангамж муугаас болоод гадаадад гарах, өөр улсын өмнөөс олимп, дэлхийн аваргад оролцон өндөр амжилт үзүүлсэн тохиолдол цөөнгүй. Тэгвэл өнгөрсөн олимпоор өндөр амжилт үзүүлсэн, тамирчдад, дасгалжуулагч нарт хамтран ажиллах саналууд цөөнгүй иржээ. Түүний нэг нь, Монголын хүндийн өргөлтийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө бид М.Анхцэцэгийн амжилтаар бахархаж сууна. Харин багш, шавь хоёрт дөрвөн улсаас ажиллах урилга ирсэн гэдэг мэдээлэл гарсан. Та үүнд хариулт өгөхгүй юу?
–АНУ, БНСУ, Казахстан, Узбекстан улсаас бидэнд санал ирсэн нь үнэн. Би эхлээд Узбекстан улсаас эхлэе. Энэ оны дөрөвдүгээр сард Узбекстаны Ташкент хотноо “РИО-2016” олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Үүнд манай эмэгтэй баг VI байр эзэлж, олимпийн нэг эрхийг авсан. Харин тэмцээний дараа бидэнд Узбекстаны талаас санал тавьсан. Тэд хэлэхдээ “Манай улс их баян биш ээ. Гэхдээ бидэнд нэг санал байна. Анхаа, та хоёрыг бид авмаар байна. Та нар энд ирээч” гэдэг саналыг тавьсан. Хариуд нь би хэлсэн “Үгүй бид танай улсад очих бодолгүй байна. Танай улсын тамирчдыг бид мэднэ. Гэхдээ үнэндээ энэ саналыг авах боломжгүй байна” гэдгээ хэлсэн. Харин Казахстан улсын зүгээс өнөөг хүртэл саналаа тавьсаар байгаа. Мэдээж надаар хэлүүлэлтгүй жүдо бөхийн тамирчин Г.Отгонцэцэг тус улсын нэрийг гаргаад явж байна. Бид тэнд очвол боломж байгааг мэднэ. Гэхдээ бид зөвшөөрөөгүй. Мөн БНСУ-аас ч санал ирсэн.
-БНСУ-ын талаас хүндийн өргөлтийн тамирчдыг дэмждэг. Өнгөрсөн жил тэнд тамирчид маань хамтарсан бэлтгэлд хамрагдсан шүү дээ?
-БНСУ-аас хамтарсан бэлтгэл хийх зэрэг дэмжлэг үзүүлсэн. Бидэнд анх 2015 онд санал тавьж байсан. Мөн энэ онд олимпийн өмнө болон дараа нь дахин саналаа хэлсэн. Сая Японд болсон тэмцээнд мөн л тэд сонирхож байгаагаа дуулгасан байсан. Азийн орнууд ихээхэн сонирхоод байгаагийн шалтгаан бол “Токио 2020” олимпийн наадам шүү дээ.
Яагаад монгол хүн монголдоо бэлтгэлээ хийгээд олимп, дэлхийн аварга болж болохгүй гэж. Хүндийн өргөлтийн энэ спортыг хэцүү гэдгийг мэдсээр байж, өсвөрийн тамирчид энэ жижигхэн зааланд ирсээр байна. Дэлхий, олимпийн дэвжээнд амжилт үзүүлэх олон тамирчдын ирээдүй хүлээж байгааг бид мэдэхгүй шүү дээ.
-Харин АНУ-ын зүгээс та бүхэнд ямар санал тавьсан бэ?
-2015 оны ДАШТ АНУ-д болсон. Энэ тэмцээн олимпийн өмнөх жил учраас эрх олгох хариуцлагатай тэмцэн байсан. М.Анхцэцэг тэнд VII байр эзэлсэн. Тэдний талаас санал тавихдаа Анхааг /М.Анхцэцэгийг хэлж байна/ дээд сургуульд сургаж, сургалтын таван жилийн төлбөрийг бүрэн даах гэх мэт олон дэмжлэгийг хэлж байсан. Намайг бол АНУ-ын иргэн болох шаардлагагүй. Харин дотоодын тэмцээнд их сургуулийн нэрээр орох санал тавьж байсан. Бидэнд бол боломжийн саналууд их ирсэн. Гэхдээ үүнд дахин хэлэхэд, бид үндсэрхэг үзэлтэй улс. Яагаад монгол хүн монголдоо бэлтгэлээ хийгээд олимп, дэлхийн аварга болж болохгүй гэж. Хүндийн өргөлтийн энэ спортыг хэцүү гэдгийг мэдсээр байж, өсвөрийн тамирчид энэ жижигхэн зааланд ирсээр байна. Дэлхий, олимпийн дэвжээнд амжилт үзүүлэх олон тамирчдын ирээдүй хүлээж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Би энэ олон залуучуудаа хаяад явах сэтгэл төрөөгүй юм. Хэрвээ Анхаа бид хоёр өөрсдийгөө бодоод явах юм бол энд үлдэж байгаа энэ залуучуудын сэтгэл санаа ямар байх билээ. Тиймээс бидний сонголт биш байсан.
-Хүндийн өргөлтийн холбооны ажил 2012 оноос сэргэж эхэлснийг та бүхэн харуулж чадлаа?
-Одоо хүндийн өргөлтийн спортоор хичээллэх сонирхолтой залуу тамирчид нэмэгдсээр байна. Холбооны хувьд, 2012 онд шинэчлэгдэж, одоо нэг хөгжих дээрээ явна. Энэ зааланд өсвөр, залуучуудын 50-60 тамирчин бэлтгэлээ хийж байна. Тэдний хүсэл мөрөөдөл бол мэдээж дэлхий, олимпийн медальтан болох шүү дээ. Үүнд Анхаагийн амжилт маш их дэмжлэгийг өглөө.
–М.Анхцэцэгийн хувьд дахин Азийн аварга цолыг эх орондоо авчирлаа. Тэр дараагийн тэмцээндээ оролцохоор хэдийнэ бэлтгэлдээ гарчээ?
-Японд залуучуудын Азийн аваргын тэмцээн өчигдөр/2016.11.14/ боллоо. Анхаагийн хувьд тооцоолсон өргөлтөө хийсэн. Энэ тэмцээнд Б.Отгонжаргал, Н.Шижир-Эрдэнэ нарын залуучууд хамт явсан. Мөн шүүгчээр О.Ганболд, багийн ахлагчаар холбооны дэд ерөнхийлөгч Ц.Хасбаатар нар явсан. Анхаагийн жинд мөнгөн медаль авсан БНСУ-ын тамирчны амжилтыг хараад бид эртнээс үүнийг төлөвлөсөн. Тиймээс гурав дахь оролдлогыг нь хийлгээгүй. Анхаагийн хувьд өнөөдөр/өчигдөр/ дараагийн нислэгээ хийнэ. 18 цагийн нислэгийн дараа Мексикт очино. Тэнд очоод гурван цагийн дараа тэмцээнд оролцох урьдчилсан хуваарь гарсан.
-Түүний хувьд амралтгүй тэмцээнд орох нээдээ?
-Анхаагийн хувьд анхны оюутны ДАШТ. Хоёр тэмцээн их ойрхон боллоо. Одоогийн хуваариар олон цагийн нислэгийн дараа гурван цаг л амрах боломж байгаа. Гэхдээ дахин хуваарь шинэчлэгдэж магадгүй. Тэгэх юм бол Мексикт очоод нэг хоног амраад тэмцээнд орно гэсэн үг. Бид одоо Мексикээс дахин хуваарь ирэхийг хүлээж байна. Багшийн хувьд энэ удаа үлдсэн. Тэнд очиход 20 орчим сая төгрөг хэрэгтэй байсан. Мэдээж энэ их мөнгийг олоход амархан биш шүү дээ. Анхаатай байнга холбоотой байгаа. Тиймээс тэр өөрийнхөө бодсон хэмжээнд тэмцээндээ оролцоод ирнэ.
М.АНХЦЭЦЭГИЙН ХУВЬД ИХ АВЬЯАСТАЙ, ИХ ХӨДӨЛМӨРЧ БАЙДАЛ НЬ НӨЛӨӨЛСӨН
-Анхаагийн амжилт олох боломжтойг та анх хэзээ харж байсан бэ?
-Би анх Анхааг 2010 онд бэлтгэл дээр харж байсан. Их л өөр хүүхэд байлаа. Нэг л өөр байсан шүү. Тэгээд “Энэ хүүхдэд их авьяас байна” гэж эрхгүй бодсон. Тэгж л бид уулзаж байсан түүхтэй. Өнөөдөр эргээд түүний амжилтыг харахад сайхан байна. Хэдийгээр сайхан бие хаатай байлаа ч бас амжилт олох нь бага байх хүүхэд байдаг. Харин Анхаагийн хувьд их авьяастай, их хөдөлмөрч байдал нь нөлөөлсөн. Бас би аав, ээжид нь их талархаж байдаг юм. Охиноо энэ спортод зориглоод ороход нь хориогүйд. Тэр бэртэл авчаад аав, ээж дээрээ Дорнод аймагт очсон. Гэсэн ч түүний сэтгэлд тамирчин хүний хатуужил байжээ. Багш дээрээ эргээд ирсэн. Тэр олон залуучуудад эрч хүч, урам зориг өглөө. Энэ л надад сайхан байна.
-Тэмцээний үеэр Анхаад та юу гэж хэлдэг вэ?
-Янз бүрээр шавьдаа асуудлыг ойлгуулахыг хичээдэг. Аль болох чанга дуугаар хүчтэй, зоригтой, хурдтай байгаарай гэдэг үгийг захьдаг. Захиалгаа өргөх гэсэн тамирчны хувьд маш их стресстэй байдаг. Тэгэхээр аль болох зоригжуулахын тулд энэ үгийг хэрэглэдэг. Энэ спорт өөрөө маш их хурд, хүчийг шаардсан учраас хурдтай гэдэг үгийг түлхүү хэрэглэдэг.
-Та ихэвчлэн залуучуудын охидын багтай ажилладаг. Тэдэнтэй ажиллахад ямар давуу тал байдаг бол?
-Охидууд их авьяастай. Мэдээж анхны үеэ бодвол одоо харьцангуй хүнд биш байхаа больсондоо. Анхны хэцүү бүхэн маань ард хоцорч. Олон жил энэ хэдтэйгээ ажлаад ирэхээр харьцангүй өөр болдог юм байна. Мэдээж анагаахын талаас нь судлах зүйл их байна. Жин хасахаас эхлээд багш, шавийн харьцаанд хэцүү зүйл байдаг. Тэр бүгдэд бид ярилцаад явна. Энэ спорт өөрөө хэцүү л дээ. Дээр нь олимпийн эрх авахад бүтэн багийн амжилтыг хардаг болсон. Эрэгтэй, эмэгтэй бүтэн баг жигдхэн сайн байж, бидэнд олимпийн эрх ирнэ шүү дээ. Зөвхөн хувийн амжилтыг хардаггүй. Багийн амжилтыг харж, олимпийн эрхийг өгдөг.
-Одоо шигшээ багийг хэрхэн бүрдүүлэх бол?
-Риогийн олимпийн дараа бүх л холбоодын шигшээ багийг буулгалаа. Манай хүндийн өргөлтийн холбоонд нэг багш, нэг тамирчин улсын шигшээ багт багтсан. Би түрүүн хэлсэн. Багийн амжилтыг үндэслэн олимпийн эрхийг өгдөг учраас эрэгтэй, эмэгтэй бүтэн багийг бэлтгэх шаардлагатай. Улсаас энэ асуудлыг шийдэх байх гэж найдаж байна. Мөн эмчийн орон тоо ч хэрэгтэй болсон.
Би олон жил тэмдэглэл хийсэн хүн. Надад 18 дэвтэр байдаг. Тамирчин байх үедээ бичиж байсан тэмдэглэл маань 13 дэвтэр болсон байсан. Хожим багш болсны дараа тэмдэглэл хийсэн таван дэвтэртэй болжээ.
-Бэлтгэлийн тэмдэглэл их чухал байдаг. М.Анхцэцэгийн хувьд тэмдэглэл хөтөлдөг үү?
-Анхаа өдрийн тэмдэглэлийг сайн хөтөлдөг. Түүний тэмдэглэл нилээн олон болсон шүү. Миний мэдэхийн гурван дэвтэр байгаа. Байнга бэлтгэлийн төлөвлөгөөгөө бичнэ. Өөрийнхөө алдаагаа ч тэндээс харна.
-Дасгалжуулагчийн хувьд тэмдэглэл чухал. Та хэрхэн бэлтгэлийн тэмдэглэлээ хөтөлдөг вэ?
-Би 10 настайдаа энэ спортод орсон. Түүнээс хойш 33 жил болжээ. “Атланта-2016” олимпийн наадамд би тамирчнаар очиж байлаа. Хэдийгээр бэртлийн улмаас тэмцээнд оролцож чадаагүй ч гэсэн олимпийн наадмын гайхалтай мөчийг мэдэрсэн хүн. Би олон жил тэмдэглэл хийсэн хүн. Надад 18 дэвтэр байдаг. Тамирчин байх үедээ бичиж байсан тэмдэглэл маань 13 дэвтэр болсон байсан. Хожим багш болсны дараа тэмдэглэл хийсэн таван дэвтэртэй болжээ. Аль бэлтгэл сайн байсан. Аль нь болохгүй байна гээд эргэж харах зүйл их бий.
-Багш, шавийн амжилт Монголын хүндийн өргөлтийн спортын амжилтуудыг эвдсээр байна. Мэдээж анхны дэмжлэгийг асуухгүй өнгөрч чадахгүй нь ээ?
-Дотоодын өрсөлдөөнд Анхаа маш сайн оролцоод эхэлсэн. Тиймээс бидний дараагийн амжилт бол олон улсын тэмцээнд явах. Энэ их олон тэмцээний эхлэлийг тавьсан С.Үеэнбаатар, Г.Төмөрсоль, Б.Энхбаатар нарын найз нартаа талархаж байдаг юм. Тэдний дэмжлэг их байлаа. Өнөөдөр ч тэд тусалсаар байна.
-Энэ удаагийн Мексикийн тэмцээнд та явж чадсангүй. Мэдээж шавь чинь таны дэмжлэг, зөвлөгөө байхгүй хэцүү байсан байх?
-Захиалгын тооцооноос эхлээд тактик их бий. Харин энэ удаа багш нь зардлаа олж чадсангүй. Анхаагийн зардлыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, улсын аварга Г.Эрхэмбаяр, “Номголжин” компанийн захирал Алтанцэцэг, “Есүүдийн Батууд” компанийн захирал О.Батсайхан, "Үржин Шадчвлан" хийдээс дэмжин тусаллаа шүү дээ. Тэдэндээ маш их баярлалаа. Ямар ч байсан Анхаа өөрийнхөөрөө оролцоод ирнэ. Тэр нэг жилийн дотор залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга болон дэлхийн залуучуудын аварга боллоо. Олимпийн наадамд шагналт VIII байрт орж, өмнөх амжилтыг ахиуллаа. Мөн удахгүй Катарт болох шилдэг найман тамирчин оролцдог тэмцээнд уригдлаа. Энэ мэтчилэн шавын маань амжилт ахисаар байна.
Сүмогийн ертөнцөд шуугиулж явсан их аварга маань Анхааг энэ оны хоёрдугаар сараас эхлэн цалин өгч, хувцас хэрэглэлээс эхлээд дэмжлэг үзүүлж ирсэн.
-Асашёорюү Д.Дагвадорж М.Анхцэцэгт дэмжлэг үзүүлээд удаж байгаа. Та бүхнийг хэдийнээс эхлэн дэмжиж байна вэ?
-Надад бас талархах хүн байна. Сүмогийн их аварга Д.Дагвадорж Анхаагийн өргөлтийн бичлэгийг интернэтээс харсан юм билээ. Тэгээд нэг өдөр бидэнд санал тавьж, дэмжихээ хэлсэн. Сүмогийн ертөнцөд шуугиулж явсан их аварга маань Анхааг энэ оны хоёрдугаар сараас эхлэн цалин өгч, хувцас хэрэглэлээс эхлээд дэмжлэг үзүүлж ирсэн. Зөвхөн бэлтгэлийн хувцас авахад 3000 ам.доллараас эхлээд түүний авч өгсөн зүйл их бий. Тиймээс энэ хүнд талархснаа хэлмээр байна. Яах аргагүй бидний амжилттай холбоотой хүний нэг юм аа. Мэдээж өөр дэмжлэг үзүүлсэн олон түмэн минь байна. МҮОХ-ны Д.Загдсүрэн дарга, хуучнаар БТСХөгжлийн төв, “Алдар” спорт хороо, Монголын хүндийн өргөлтийн холбоо, “Монгол Жонш”, “Үнэн Анд”, “Есүүдийн Батууд”, “Солонго Орд”, “Сувенир Хаус”, ETV зэрэг байгууллага хамт олон та бүгдэд байнга тусалж, дэмжиж байгаагаа хэлмээр байна.
Монголын спортын үнэн төрх ийм л байна. Бид тэднээс медаль шаарддаг ч түүнд хүрэхэд бэлтгэл сургуулилт хийх зориулалтын заал, тоног төхөөрөмж, хангалт хэрэгтэйг төдийлөн огоордоггүй нь гашуун үнэн билээ.
-Та бүхний дараагийн тэмцээн ирэх сард Катарт болох юм байна. М.Анхцэцэг өнгөрсөн жил энэ тэмцээнээс хүрэл медаль авсан байх аа. Энэ удаад хэрхэн амжилт үзүүлэх бодолтой байна?
-Катарт арванхоёрдугаар сард болох тэмцээнд зөвхөн жин жингийн шилдгүүд оролцоно. Тэдэнд тусгайлан урилгатай тамирчид очдог. М.Анхцэцэг энэ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Харин энэ удаа бидэнд зохион байгуулагчийн талаас нэгэн санал тавьсан. Энэ тэмцээнд дахин хоёр тамирчин оролцох эрхийг өгсөн. Тэгэхээр ирэх сард Катарт болох тэмцээнд гурван тамирчин оролцоно. Анхаагаас гадна дахин нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчид оролцох эрхтэй болсон.
Бидний яриа энд хүрээд өндөрлөлөө. Ц.Хосбаяр багш ярианы үеэр бидэнд бусад улсаас ирсэн саналын мөнгөн дүнг хэлэхийг хүсээгүй юм. Мөн хүндийн өргөлтийг сонгоод ирсэн энэ олон залуучуудаа орхиод явах хэцүү байгаагаа дуулгалаа. Тэр өглөөний ээлжийн шавь нартаа бэлтгэлээ хэрхэн хийхийг захиад гадагш гарахдаа ирэх сард Катарт болох тэмцээний зардалд дэмжлэг үзүүлэх нэг хүнтэй уулзахаар яваагаа нуусангүй. Монголын спортын үнэн төрх ийм л байна. Бид тэднээс медаль шаарддаг ч түүнд хүрэхэд бэлтгэл сургуулилт хийх зориулалтын заал, тоног төхөөрөмж, хангалт хэрэгтэйг төдийлөн огоордоггүй нь гашуун үнэн билээ.
Ч.БОЛОРЧУЛУУН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ