- “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг найман оролцогчийн нэгээр шалгараад буй эелдэг төрх, этгээд хойлоотой Баатарын Ихэрсувд охинтой ярилцлаа.
-Юуны өмнө үндэсний хэмжээний том шоунд өрсөлдөж, 2500 гаруй оролцогчоос шилдгийн шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарсанд баяр хүргэе. Чиний дуулалт их сонин содон санагдсан?
–Баярлалаа. Биднийг дэмжиж саналаа өгсөн бүх хүмүүс, энэ шоуг тэр хэмжээнд зохион байгуулсан хамт олонд маш их талархсанаа хэлмээр байна. Гайхамшигтай үйл явдлууд энэ хугацаанд маш их тохиолоо. Анх шоунд оролцох шийдвэр гаргахдаа би ер нь хэр дуулдаг юм бол? Хүмүүс миний дуу хоолойг яаж хүлээж авах бол гэдгийг л мэдэхийг хүссэн. Би өөрөө тэндээс бас ямар мэдрэмж авах нь сонин байсан. Харин одоо бол шигшээ тоглолтод орохоор бэлтгэлээ базааж байгаа учраас түрүүлэхийн төлөө бүх хүч чадлаа шавхана. Нэг зүйлийн төлөө зорьсон бол үр дүнг нь үзэх хэрэгтэй санагдсан.
-Шигшээ тоглолтод үлдэх хоёр оролцогчийг шалгаруулах мөчид ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Үнэндээ бид нар бүгдээрээ маш их бэлдсэн, хүч хөдөлмөрөө шавхсан. Болдог бол бүгдээрээ хамт шилдэг наймдаа орчихмоор санагдаж байсан. Бэлтгэлийн үеэр бие биедээ их дассан болохоор хэн нэг нь хасагдана гэхэд их хэцүү санагдаж байсан. Сүүлийн мөчид санал хураалтын дүнг сонсох гээд хүлээж байхдаа ч би өөрөө хоёр бүжгийн хамтлагийн аль нэг нь үлдэх болов уу гэж бодож байлаа. Гэтэл намайг хамгийн их санал авсан гурван оролцогчийн нэг гэж зарлахад их баярласан.
-Өөртөө хэр итгэлтэй байв?
-Хүн бүр л 100 хувь биш ч гэсэн итгэл найдвар тээсэн, бүгд л үлдэхийг дотроо нууцхан хүсч байсан байх. Миний хувьд тодорхой хэмжээний айдастай ч найдлага бас тасрахгүй л байсан.
-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
-Багаасаа дуулах дуртай байсан. Гэхдээ гэр бүлийнхэн маань нэг их дэмждэггүй, өөрөө ч тэмцээн, уралдаан гэж төдийлөн явдаггүй байлаа. Яг тууштай дуулж эхэлсэн нь бол гурван жилийн өмнөөс юм уу даа.
-Дуулж байх үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би дуулж байхдаа л илүү өөрийнхөөрөө байж чаддаг. Байж болох бүх аз жаргалыг мэдэрдэг. Дуулж байхдаа өөрийнхөө орон зайг хамгийн сайнаараа тодорхойлж чаддаг. Дуулах бол миний хамгийн дуртай зүйлсийн маань нэг.
-Та юунаас хамгийн их сэтгэл ханамж авдаг вэ?
-Гэр бүлийнхнийхээ хайраас сэтгэл ханамж маш их авч, түүнээсээ урам зориг авдаг. Өөртөө зав гаргаж, бяслагал хийдэг. Бясалгал хийснээр би дотоод хүнээ улам илүү ойлгодог гэж боддог. Магадгүй тэгснээрээ муу зүйлээс ч сайн талыг нь харах чадвартай болж байгаа юм шиг санагддаг. Тийм байхыг хичээдэг /инээв/.
-Шоуны тухай асуулт руугаа эргээд оръё. “Авьяаслаг монголчууд” шоунд орсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Их олон. Юун түрүүнд шоунд орсноор жирийн нэгэн өсвөр охины амьдралд өөрчлөлт орсон гэж болно /инээв/. Миний уншиж байсан номнууд, миний ойлгодог байсан ертөнц арай өөр байжээ. Одоо би хүмүүст хамаатай болчихсон ч юм шиг санагдах болсон. Илүү том ертөнцөд орчихсон юм шиг. Ямартай ч надад ойлгоогүй зүйл их байжээ гэдгийг мэдэж авсан. Хүмүүс, нийгэм гээд л. Би амьдралдаа бараг анх удаа хэн нэгний шүүлтийн өмнө зогсож үзлээ. Цаашаа явах уу, явахгүй юу? Энэ бүхэн хэцүү шалгуур байдаг юм байна. Гэхдээ надад сайн сургамж, сайхан дурсамж болж үлдсэн. Хэлэхгүй орхиж болохгүй нэг зүйл нь энэ шоу надад хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж үлдээж байгаа.
-Таныг шилдэгт шалгарсны дараа хүмүүс эерэг, сөрөг олон төрлийн сэтгэгдэл төрж байгаа байх. Олон нийтийн сүлжээнд таагүй санагдах зүйлс бичигдсэн ч байгаа байх. Гэхдээ тэр бүхэнд битгий гомдоорой гэж хэлмээр санагдлаа?
-Би сошиалд нэг их идэвхитэй байдаггүй. Гэхдээ ганц хоёр муухай сэтгэгдэл олж уншсан. Эхэндээ эвгүй байсан ч нэг их хүндээр тусгаж авмааргүй байгаа. Харин ойр дотны хүмүүс маань тийм байдлыг эмзэглэж хүлээж авсан байна лээ. Энэ бүхэн надад илүү их хөдөлмөрлөх ёстой гэсэн зориг өгч чадсан. Намайг илүү ихийг хийх ёстойг сануулж, надад цаг заваа зарцуулж байгаа хүмүүст талархмаар байна.
-За цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Б.БАЯСАХ