Эрдсийн үнэ өсч, “Алтан боломж” ахин ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.11.17-нд нийтлэгдсэн

Эрдсийн үнэ өсч, “Алтан боломж” ахин ирэх үү?

-Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс хоёр  дахин өсч, нэг тонн нүүрсний үнэ 103.7 ам.доллар, цэвэршүүлсэн зэсийн үнэ 20 хувиар өсч, нэг тонн зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 5900 ам.долларт хүрсэн байна-

Монгол Улсын экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш, тэр дундаа алт, зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ямар байхаас та бидний өдөр тутмын амьдралын чанар хамааралтай гэхэд буруудахгүй.  Дэлхийн банкнаас дэлхий нийтэд мэдээлснээр Монголын эдийн засгийн өсөлт 2013 онд 11.7 хувьд хүрч байсан бол энэ онд 6.3 хувьд хүрч буурчээ. Тэгвэл яг одоогийн байдлаар эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр ямар байна вэ гэдгийг уншигчдадаа тоймлон хүргэе.

НҮҮРС

Хятадын эрэлт багасаж, үнэ буурснаар нүүрсний салбарт дарамт үүсч болзошгүйг “Мүүди” анхааруулжээ. Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын Уул Уурхайн Корпораци (Mongolian Mining Corporation) энэ онд 11.5 хувийн алдагдал хүлээсэн талаар “Bloomberg” мэдээлсэн байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар тус компанийн алдагдал 28 сая ам.долларт хүрсэн аж. Хонгконгийн биржид бүртгэлтэй Монголд нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бусад компаниуд ч санхүүгийн хүндрэлтэй тулгарч байгаа аж. Тухайлбал, “SouthGobi Resources” компани энэ оны эцсээр данс улайхаас сэргийлэн өнгөрсөн есдүгээр сард нэмэлт санхүүжилт хайж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн билээ. “Mongolia Energy” компани арваннэгдүгээр сарын 12-ны хувьцаа эзэмшигчдийн хурлаараа өрийн хэмжээгээ 3.45 тэрбум хонгконг.долларт хүргэхээр санал хураалт явуулсан байна. Гэхдээ 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс хоёр  дахин өсч, нэг тонн нүүрсний үнэ 103.7 ам.доллар, цэвэршүүлсэн зэсийн үнэ 20 хувиар өсч, нэг тонн зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 5900 ам.долларт хүрсэн байна.

ЗЭС

Зэсийн үнэ 10 өдрийн турш тогтвортой өссөн нь сүүлийн 28 жилд болоогүй үзүүлэлт бөгөөд дэлхийн эдийн засагт эерэг дохио байж болохыг Wall Street Journal мэдээлжээ. Лондоны металлыын зах дээр зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт тонн тутамдаа 600 ам.доллараар нэмэгджээ. Энэхүү өсөлтийн дүнд нэг тонн зэсийн үнэ 5635 ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд өссөн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж шинжээчид дүгнэж байгаа аж. Тодруулбал, 2015 оны дөрөвдүгээр улиралд зэсийн ханш Лондонгийн металлын зах дээр 4,700 ам.доллар байсан юм. Оюутолгойн далд уурхай 2020 онд ашиглалтад орсноор жилд 200 мянган тонн зэс олборлох тооцоо гаргасан билээ.

АЛТ

Нью-Йоркийн бирж дээр алтны үнэ энэ долоо хоногт унци нь 1211 ам.долларт хүрч буурсан байна. Харин Лондоны бирж дээр даваа гаригийн нээлтийн ханш  унци нь 1224 ам.доллар байжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Дональд Трамп ялалт байгуулсны дараахан алтны үнэ унци нь 1337 ам.доллар хүрч байв. Алтны үнэ огцом өссөн нь Дональд Трамп дэд бүтцэд нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулахаар амласантай холбоотой аж. Алтны ханш 2018 оноос 2000 ам.доллар руу дөхнө гэсэн таамаг гарчээ. Юанийг олон улсын валют болгох зорилтын хүрээнд хятадууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа гэх шалтгаанаар алтны ханш энд дурдсан хэмжээнээс ч өсөх хандлага байгаа аж. Монгол Улс ирэх онд  23.6 тонн алт олборлохоор тооцжээ.

Энэ бүхнээс үзэхэд манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алтны үнэ бага боловч өсч, аль эрт мартагдсан “алтан боломж” дахин олдох юм биш биз гэсэн горьдлого төрж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж