Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас хоёр ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Энэ тухайд тодруулбал, Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахлахаар болж, 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Уг ажлын хэсэгт ахмад, залуу, эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаасны зэрэгцээ Ардчилсан намыг шинэчлэх хорооны гишүүдээс ч оруулсан аж.
Харин ирэх арванхоёрдугаар сарын 6-нд товлогдсон Ардчилсан намын их хуралд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулж, бүрэлдэхүүнд нь 20 гаруй гишүүнийг багтаан баталсан байна.
Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн хувьд шинээр томилох намын даргыг Их хурлаар батламжлах ёстой. Ингэхдээ, Их хурлаар эхлээд Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг баталж, дараагаар нь намын даргыг сунгаагаар сонгож батлах нь зөв юм гэж үзжээ.
Хуралдаан эхэлсэн даруйд мөн зарим гишүүн нь Ардчилсан намын дарга асан З.Энхболдын Гүйцэтгэх зөвлөлдөө гаргасан намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэх ёстой гэсэн санал гаргасан ч нэгмөсөн Их хурлаараа энэ асуудлыг хэлэлцье гэжээ.
УИХ-ын дарга асан, Ардчилсан намын дарга асан З.Энхболд БНСУ-д гэр бүлийн хүнээ эмчлүүлэх шаардлагатай болсны улмаас энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд оролцох боломжгүй байгаа аж.
Г.ДАРЬ