Иргэд гар утасныхаа дугаарыг солихгүйгээр өөр оператор руу шилждэг болгохоор гурван жилийн өмнөөс мэдээлж эхэлсэн. Гэвч энэ үйлчилгээ хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Уг нь, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын өмнөх дарга Т.Жадамбаа ажлаа өгөхөөсөө өмнө энэ ондоо багтаж иргэд энэ үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэж байв. Гэвч Засаг солигдож, хариуцсан байгууллагуудынх нь удирдлага солигдсоноор энэ ажил хэрхэх эсэх нь тодорхойгүй болжээ. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодруулахад, “Манай байгууллага он гартал хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ямар нэг мэдээлэл өгөхгүй байхаар дотоод журмаараа зохицуулсан” гэх тайлбарыг хэлэв.
Дашрамд дуулгахад, энэ үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэглэгчдийн судалгаа явуулжээ. Монгол Улсын хувьд нийт хэрэглэгчийн 33.5 хувь нь энэ үйлчилгээг ашиглахад бэлэн гэх хариулт өгсөн байна. Үүнээс гадна үүрэн холбооны хэрэглэгчид жилд дунджаар 21.4 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өгөөжийг хүртэх боломжтой гэж тооцоолжээ.
Б.ЗАЯА