УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн /2016.11.17/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд дуулгалаа. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
О.Баасанхүү: Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржийг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж байна. Гэхдээ та цаашдаа зоригтой ажиллаарай. Өнөөдөр ард түмэн айдастай байна. Өглөө юу болохыг огт мэдэхгүй байна. Илтгэл тайлан чинь ядаж прагматик байх ёстой шүү.
Л.Болд: Ж.Бямбадорж даргыг бүгд мэднэ. Туршлагатай төрийн зүтгэлтэн, хуульч хүн. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулах тал дээр Хүний эрхийн комисс идэвхтэй хандаасай гэж хүч байна. НҮБ-ын Хүний эрхийн комиссын нэгээр Монгол Улс томилогдсон. Тиймээс хүний эрхийн тал дээр ойрын жилүүдэд шийдвэрлэх ач холбогдолтой ажиллах ёстой шүү.
Гишүүд саналаа хэлснээр, олонхын саналаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр Ж.Бямбадоржийг үргэжлүүлэн томиллоо.
Ж.Бямбадорж: Монгол төрийн энэ албан тушаалд итгэл үзүүлж, дахин томилсонд та бүхэнд талархахын сацуу үүргээ үргэжлүүлэн нэр төртэй ажиллана гэдгээ илэрхийлье. Хүний эрх бол хүн бүхний асуудал байдаг. Маш хэцүү, бас нэр төртэй алба. Тиймээс Монголд хүний эрхийг хангах талаар зүтгэж ажиллах болно.
Чуулган үргэлжилж байна.
Б.БАТ