Р.Содхүү: Сонгуулийн автомат төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2016.11.16-нд нийтлэгдсэн

Р.Содхүү: Сонгуулийн автомат төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооныхон оролцож, 2016 оны орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал/ИТХ/-ын сонгуульд 7282 мандатын төлөө 15,185 нэр дэвшигч өрсөлджээ. Ингэхдээ улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 нь бие даан өрсөлдсөн байна.  Мөн Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд МАН, Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, МАХН, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл, Эх Орон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам оролцжээ.

Сонгуульд 1.6 сая иргэн саналаа өгсөн байна. 2012 оны орон нутгийн сонгуультай харьцуулахад 2016 онд сонгуульдаа оролцсон сонгогчийн ирц 8 хувиар нэмэгдсэн аж. Тодруулбал, 2016 оны орон нутгийн сонгуульд саналаа өгсөн сонгогчийн ирц 60.44 хувь байсан бол 2012 онд 52.9 хувь байжээ.

Насаар нь тодруулбал, саналаа өгсөн сонгогчдын 14 хувийг 18-25 насныхан эзэлсэн бол 67.6 хувь нь 25-55 хүртэл насныхан байжээ.

Мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Л.Болд зарим дүүрэг, сумдын сонгуульд ашиглагдсан хар машины архивыг машинаас CD-нд шууд хуулбарлан авахад 2016 оны УИХ-ын сонгуульд өөр аймаг, суманд ашиглагдсан саналын хуудсууд гарч ирсэн бөгөөд дийлэнхи нь МАН-ын нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөсөн байдалтай байсан. Тэдгээр саналын хуудсууд нь тухайн орон нутгийн сонгуулийн хүчинтэй хуудсуудтай холилдсон дараалалтай байсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн талаар хөндөв. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 1958-р хэсгийн санал авах байрны санал тоолох хоёр машины дүн мэдээг 2016 оны аравдугаар сарын 19-ний орой 22.07 цагт ажиглагч нарт өгсөн билл, CD-г шалгах явцад нийт уншигдсан хүчинтэй саналын хуудасны тоо 455 байх ёстой атал 793 саналын хуудас гарсан байна. Үүний 338 нь УИХ-ын сонгуулийн 38-р тойргийн 14-р хэсэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум гэсэн 2 янзын саналын хуудас байсан аж. 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны санал авах 1885-р хэсэг дээр ажилласан санал тоолох машинаас сонгуулийн саналын хуудсыг CD-нд хуулж авсан. Гэтэл хар машинаас хуулагдсан 1419 саналын хуудасны 1114 нь тус тойргийн саналын хуудас байсан бол 305 нь УИХ-ын сонгуулийн 24-р тойргийн 40 дүгээр хэсэг буюу Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын саналын хуудас байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн аж. Үүнд тайлбар хүсэв.

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудын тайлбарлаж байгаагаар сонгуулийн зарим тойрог, хэсгийн хороод 2016 оны УИХ-ын сонгуулийн зурган файлыг устгаагүй байсан нь дээрх зөрчил гарахад нөлөөлсөн аж. Гэхдээ энэ нь орон нутгийн сонгуулийн дүнд нөлөөлөхгүй, УИХ-ын сонгуулийн саналын хуудас гэдэг нь тодорхой учраас орон нутгийн сонгуулийн саналд нэгтгэх боломжгүй гэлээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн тайлбараар бол 2012 онд авсан автомат тоног төхөөрөмжүүд хуучирсан. Ерөнхий сайдын төсвөөс 546 сая төгрөг гаргаж, зарим тоног төхөөрөмжүүдийг засч, сэлбэснээр орон нутгийн сонгуулийг давсан байна. Иймээс ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө анхааралдаа авах шаардлага байна. Зөрчил гарсан нь тоног төхөөрөмж хуучирсантай мөн холбоотой, гэхдээ санал хураалтын дүнд нөлөөлөөгүй гэсэн юм.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Сонгуулийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагууд бий талаар хөндсөн. Ингэхдээ хяналтын тооллогыг тодорхой зааж өгөх шаардлага байна гэв.

Өмнөх УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх шатанд Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс хяналтын тооллогыг 100 хувь хийх шаардлагатай гэсэн санал өгсөн ч дэмжлэг аваагүй, эцэстээ энэ нь 50 хүртэл хувь болж, батлагдсан байна. Гэтэл сонгуулийн хороод үзэмжээрээ хяналтын тооллогыг хэдэн хувьд хүртэл хийхээ шийддэг зэрэг нөхцөл байдлыг бий болгожээ. Жишээ татвал, Сонгинохайрхан дүүрэг орон нутгийн сонгуулиар зөвхөн нэгхэн хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн аж.

Хяналтын тооллого гэдэг бол санал үнэн зөв тоологдож уу гэдгийг нягталж, маргаангүй болгох ёстой. Иймээс УИХ одоо Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа энэ тухай тодорхой зааж өгөх ёстой гэсэн юм.

Харин санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Гэхдээ сая болж өнгөрсөн сонгуулийн үеэр Сонгуулийн тойрог, хэсгийн хороод нь сонгуулийг зохион байгуулах үүрэг хүлээсэн атлаа шийдвэр гаргаж, саналаа өгсөн хэдэн мянган сонгогчийн саналыг үнэгүйдүүлсэн тул хариуцлагагүй ажилласан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай холбоотой зарим өргөдөл, гомдол яригдаж байна. Жишээ нь бүртгэж аваагүй татгалзсан асуудал байгаа. Энэ нь УИХ-аас гаргасан хуулийн дагуу хийгдсэн асуудал байх. Тиймээс хуулинд дахин өөрчлөлт оруулах байх. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулаад гурван тусдаа хууль болгох саналтай байгаа. Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор энэ тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Эхний ээлжинд Ерөнхийлөгчийн тухай хуулийг тусад нь гаргаж батална. Дараагаар нь цаг алдалгүйгээр УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүнг хэлэлцэнэ. Энэ намрын чуулганы хугацаанд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, орон нутгийн сонгуулийн хуулиудаа процедурынх нь хувьд тусдаа болгоно.  Сонгуулийн дүнг хурдан баталгаажуулдаг асуудлыг баталж өгөх ёстой. Энэ удаагийн Сонгуулийн хуулиар гарсан маргаануудыг шүүхээр шийддэг байдлаар явах уу эсвэл сонгуулийн хорооддоо шийдвэрлэдэг байх уу гэдгийг хэлэлцэнэ. Сонгуулийн маргаантай зүйлүүдийг цэгцэлнэ хэмээлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж