- “Риголетто”, “Трубадур”, “Аида” зэрэг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын урын санд томоохон байр суурийг эзэлдэг бүтээлийн эзэн, Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн сонгодог бүтээлийн үдэш айсуй.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Энэ сарын 17-ны 19.00 цагаас “Вердийн үдэш” тоглолт эгшиглэх ажээ. Уг тоглолтыг театрын уран бүтээлчид Итали улсын Элчин сайдын яамтай хамтран анх удаа зохион байгуулах гэж байна.
“Вердийн үдэш” тоглолтыг Италийн Парма хотын театрын удирдаач Сержио Педдегрини удирдаж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорол, Ч.Энхтайван, Э.Анхбаяр, О.Хүрэлбаатар, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, С.Бат-Эрдэнэ нар оролцоно.
“Вердийн үдэш” тоглолтыг удирдах Сержио Пеллегрини хөгжимчин байх хугацаандаа Ла Скалагийн филармонийн оркестр, Сан-Карлогийн театрын оркестр, Парма хотын Тосканы оркестр, Сальваторе Аккардогийн нэрэмжит цөөхүүл хөгжмийн оркестр, Парма хотын театр болон бусад олон оркестртай хамтран ажиллаж байсан туршлагатай, чадварлаг удирдаач юм.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Гомбо-Очир “Вердийн үдэш” тоглолтын эхний хэсэгт “Риголлето” дуурийн Герцогийн ари болон “Дон Карлос” дуурийн хэсгээс үзэгчдийн хүртээл болгох ажээ.
Тэрбээр “Миний хувьд Э.Анхбаяртай хамтран Монголдоо анх удаа Ж.Вердийн “Дон Карлос” дуурийн хэсгээс хүргэх гэж байна. Ж.Вердийн дууриуд дуурийн дуучны хоолой шаардсан бүтээлүүд байдаг. Энэ агуу хүний бүтээлийг чадан ядан дуулахаар хичээж байгаа. Би анх 2011 онд Ж.Вердийн “Аида” дуурьт оролцож, дуулсандаа баяртай байдаг. Цаашдаа “Риголлето” дуурьт хүч сорих хүсэлтэй явдаг” хэмээн тоглолтын талаар ярьлаа.
Тус тоглолтод алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн сонгодог бүтээлүүдээс өмнө нь тоглогдож байгаагүй “Атилла”, “Набуко”, “Дон Карлос” зэрэг дуурийн хэсгээс мөн сонирдуулах ажээ.
А.СҮРЭН