Эх дэлхийгээ хөгжмийн хэлээр мэдрэх нэгэн гайхалтай тоглолт тун удахгүй болох гэж байна.
“Bro’s Records”-ын уран бүтээлчид санаачлан гаргасан “Ертөнц”, “Байгаль” цомгийн уран бүтээл энэ үдэш “Дэлхий” хамтлагийнхны тоглосноор хүрэх нь ээ. Энэ сарын 26-нд “Gandan View”-д ганцхан удаа болох “Байгаль, Ертөнц цомгийн амьд тоглолт, шоу үдэшлэг”-т урилгаар “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “ТВ Коктейль” хамтлаг, дуучин Г.Тэнүүн нар оролцох нь ээ.
“Дэлхий” хамтлагт эдгээр цомгуудыг өлгийдөн авсан хөгжмийн зохиолч Г.Онон, Азийн ятга хөгжмийн хатан хаан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, гитарчин Ц.Алтангэрэл, гитарчин Э.Оргилболд, басс гитарчин Б.Хосбаяр, лимбэчин Б.Мягмарцэрэн, цохилуур хөгжимчин Д.Мөнхбат, даралтат хөгжимчин Ш.Батбаяр нар багтдаг. Тэд хамтлагаараа 2013 онд “Ертөнц” цомгийн тоглолтоо Монголын хүүхдийн ордонд толилуулан нэгдэж байсан юм. Мөн Мэлхий хадан дээр анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн билээ.
2013 онд өлгийдөн авсан “Ертөнц” цомгийн онцлог нь нүүдэлчдийн хөгжмийн хэмнэл эгшиг, байгалийн дуу чимээг мартагдах шахсан хэл хуур, цуур, хобис, товшуур хөгжим болон орчин цагийн хөгжимтэй хослуулан байгаль дээр “гэр студи”-д бичсэнээрээ онцлог цомог юм. Энэхүү цомгийн үргэлжлэл болон 2016 онд нэгдүгээр сард “Байгаль” цомгоо гаргасан нь борлуулалтаараа тэргүүлсээр байгаа шилдэг цомгийн нэг.
Тоглолтын “After Party” “Temple” клубд үргэлжлэн DJ BTR, Deez, Билгүүдэй нар “Ертөнц”, “Байгаль” цомгийн ремиксүүд болон өөрийн сэтээ тоглуулах нь ээ.
Г.ДАША