“Гадуур ажлаар” Ц.Шинэбаяр тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

“Гадуур ажлаар” Ц.Шинэбаяр тэргүүлэв

Хаврын чуулганы “хамгийн хамгийн” эхнээсээ тодорч байна. Чуулгандаа суулгүй  “гадуур ажил” хөөцөлдөн шалтгаангүйгээр хамгийн олон цагаар “гуларсан” гишүүнээр Ц.Шинэбаяр  тодорчээ. Тэрбээр 94 цаг 30 минут ажлаа тасалж 19 өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд суугаагүй хэмээн бүртгэлд тэмдэглүүлжээ.

 Хаврын чуулган нээлтээ хийсэн дөрөвдүгээр сарын 5-нд Ц.Шинэбаяр гишүүн “МАХН-аа бэхжүүлэхийн төлөө явна. Авлигач, бурангуй нөхөдтэй УИХ-ын гаднаас тэмцэнэ. Ард түмэн хаана байна, би тэнд байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Хэдийгээр “УИХ-д сууж бидний төлөө ажиллаарай” гэсэн захиасыг Дорнодын сонгогчдоос авч төр түшсэн ч шинэ МАХН-ын төлөө сонгогдсон юм шиг хэсэг яваад МАХН-аа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн хойноо сүүлийн ганц хоёрхон хуралдаанд суусан Ц.Шинэбаяр гишүүн ингэж хамгийн “гул гишүүн”-ээр тодорлоо. Хурлаа тасалж явж явж, эцэст нь МАХН-ын дэд даргын сэтрээ сэгсэрч хаяад буцаад ирсэн хүнийг яалтай.

Түүний араас хуралдаан тасалсан цагаараа Х.Тэмүүжин 49,57, Кёкюшүзан Д.Батбаяр 47,10, Ш.Сайхансамбуу 41,30, Э.Мөнх-Очир 39,10 цаг хийдүүлэн  удаалж явна.

Эрхэм спикер Д.Дэмбэрэл тэргүүлэн Х.Бадамсүрэн, Х.Баделхан, Ж.Батсуурь, Н.Ганбямба, Д.Дондог, Х.Жекей, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, Д.Хаянхярваа, Н.Энхболд нар нэг ч удаа хуралдаанаа таслалгүй гишүүний үүргээ сайн биелүүлснийг УИХ-ын Тамгын газрынхан онцолжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж