Тохиролцож чадвал өлсгөлөнгөө зогсооно гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Тохиролцож чадвал өлсгөлөнгөө зогсооно гэв

УИХ-ыг тарахыг шаардан өлсгөлөн зарласан Тусгаар тогтнол эвсэлээс дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ эвслийн 4 гишүүн нь өлсгөлөн зарласнаас хойш 402 цаг болж байна. Тэд өлсгөлөнгөө зогсоогоогүй гэж албан ёсоор мэдэгдэв. Энэ хугацаанд УИХ-аас байгуулсан ажлын хэсэгтэй таван удаа хэлэлцээр хийхээр уулзсан гэнэ. Эдгээр хэлэлцээрийн нэг нь л нээлттэй бусад нь хаалттай болсон юм. Тэдний тавьсан найман шаардлагын зарим зүйл дээр тохиролцсон бөгөөд үлдсэнийг нь УИХ хүлээн зөвшөөрч, тохиролцож чадвал өнөөдөр өлсгөлөнгөө зогсооход бэлэн байна гэж тэд мэдэгдэж байна. Ард түмний дунд УИХ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар харилцан тохиролцоонд хүрэхгүй байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг “УИХ ирэх тавдугаар сард санал асуулга явуулах  асуудлыг авч хэлэлцэнэ” гэснийг өлсгөлөн зарлагчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэд санал асуулга явуулахыг шаардсан байр суурьтаа хатуу зогсч байгаа гэнэ. Одоогоор өлсгөлөн зарласан долоон хүний биеийн жин 9-15 килограммаар хасагдаад байгаа гэлээ. Түүнчлэн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Энэ удаагийн хэвлэлийн хуралд АНАТХ болон “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав нар оролцсонгүй.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж