Хамгийн олон хүнийг нэгтгэж чадсан сошиал сайт Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг өөрийн хуудсаараа дамжуулан худал спам мэдээлэлтэй хатуу тэмцэх тухайгаа дуулгажээ. Түүний энэхүү мэдэгдлийг сонгуулийн үеэр тус сүлжээгээр тарсан Трампыг зүрхний шигдээсээр нас барсан гэх мэдээтэй холбоотой хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.
Үүнтэй ижил төстэй олны танил, алдартай хүмүүсийг нас барсан зэрэг худал цуурхал мэдээлэл фейсбүүк сайтаар өмнө нь тарж байсан билээ.
Цукерберг мэдэгдэлдээ, бидний хийх өөрчлөлтөд цаг хугацаа шаардлагатай, учир нь аливаа сөрөг нөлөөлөл гарахаас сэргийлэх хэрэгтэй. Фейсбүүк дээр гарч байгаа зүйлсийн 99 хувь нь үнэн бодит байдаг ба өчүүхэн хэсэг нь хуурамч мэдээ мэдээлэл байдаг. Худал мэдээлэл нь нэг нам, улс төрөөр хязгаарлагдахгүй. Эдгээр худал мэдээллүүд сонгуулийн үр дүнд ямар ч байдлаар нөлөөлөх ёсгүй гэжээ.
Мөн тэрээр хуурамч мэдээлэлтэй тэмцэх арга хэмжээг удахгүй танилцуулна гэжээ.
Т.МӨНХ