ТТ төмөр зам эхэлчихвэл хоёр жилийн дотор дуусгана гэв

Хуучирсан мэдээ: 2016.11.16-нд нийтлэгдсэн

ТТ төмөр зам эхэлчихвэл хоёр жилийн дотор дуусгана гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийг сонслоо.

Мэдээллийн эхэнд дэд сайд Д.Цогтгэрэл Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд хийсэн ажил, цаашид төрөөс хүсч буй дэмжлэгийн талаар мэдээлэл хийв.

Тэрбээр, “Дээрх бодлогын хүрээнд төмөр замын дотоодын сүлжээг өргөжүүлэх 2013 оноос “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд, Тавантолгойн-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын барилгын  ажлын 51 .84 хувийг, Тавантолгойт- Сайншанд-Хөөт-Чойбалсан-Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын техникийн зураг төслийг 100 хувь хийсэн. Шинэ төмөр зам төслийг Чингис бондын 200 сая ам.доллар, Хөгжлийн банкны 55 сая ам.долларын санхүүжилтээр эхлүүлсэн. УИХ-аас 2014 онд шинээр баригдах төмөр замын Эрдэнэт-Арцатын чиглэлийг баталсан.

Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зүүнбаян-Ханги чиглэлийн  шинэ шугамыг барих асуудлыг боловсруулан УИХ-аар оруулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хүрээнд 2012 онд хувь нийлүүлэгч хоёр талаас тэнцүү хэмжээгээр дүрмийн санг нэмэгдүүлсэн хөрөнгө болон өөрийн эх үүсвэрээс зүтгүүр болон ачааны, зорчигчийн вагон, зам хэмжигч, рейлбус зэргийг худалдан авч, өртөө болон зөрлөгийн замуудыг өргөтгөж, Толгойт болон Улаанбаатар хооронд хоёр зам тавьж, алсын удирдлагатай зөрлөгүүдийг нэмэгдүүлэх зэрэг ажил ид өрнөж байна.  Үүний зэрэгцээ төмөр замын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, амралтын газар зэрэг харьяа нийгмийн байгууллагуудыг санхүүжүүлж байгаа ба нийт зардлын 18,6 хувь буюу 32,3 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Улаанбаатар төмөр замын шугам замын 56 хувьд нь их засварын хугацаа хэтэрсэн, нийт хөдлөх бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь насжилтын хугацаа хэтэрсэн байгаа тул хөрөнгө санхүүг шийдвэрлэх шаардлагатай.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эрхийг хэрэгжүүлэгч ЗТХЯ, Оросын төмөр замууд нийгэмлэг хооронд 2014 онд Улаанбаатар төмөр замын шинэчлэл хөгжлийн стратегийн  түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээрт, төмөр замын одоо байгаа гол замыг жилд 100 сая тн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох, ингэхдээ цахилгаанжуулах эсвэл хос болгох, ОХУ-ын Тува улсаас Арцсуурь-Эрдэнэтийн чиглэлийн шинэ шугамыг бүтээн байгуулж, Улаанбаатар төмөр замын сүлжээтэй  холбох, түүнчлэн Монгол Улсын  баруун болон зүүн бүсийг дамнасан төмөр замын шинэ коридор байгуулах боломжийг судалж хэрэгжүүлэхээр тохиролцсон. Ингэхдээ гуравдагч талын оролцоо байж болохыг зөвшилцсөн байдаг. Үүний зэрэгцээ манай улсын талаас БНХАУ-ын талтай хамтарч зарим хилийн төмөр замын холболтын цэгийг тогтоосон.

Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх тээврийн одоо буй ганц коридор нь Улаанбаатар төмөр зам юм. Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрөх тээвэр нь алдагдалгүй тарифтай ачааны нэг төрөл бөгөөд ачаа тээврийн 10,9 хувийг эзэлж, нийт тээврийн орлогын 22,8 хувийг бүрдүүлж байгаа. ЗТХЯ, Улаанбаатар төмөр зам ХНН хамтран дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд олон удаагийн тээвэрлэлт хийж буй байгууллагад хөнгөлөлт үзүүлэх, дамжин өнгөрөх замналын галт тэргэний хугацааг хатуу зуурмагаар тогтоож, ОХУ-аасБНХАУ-ын чиглэлд 28 цаг тээвэрлэдэг байсныг 26 цаг, БНХАУ-аас ОХУ руу чиглэлийнхийг 31 цаг байсныг 29 цаг болголоо” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Д.Дамба-Очир дараах асуултуудыг асуусан юм.

-Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил хэзээ эхлэх вэ? Ямар компани гүйцэтгэлийг хийх вэ?

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Хэрлэн:

-Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил 2014 оны арваннэгдүгээр сард санхүүжилтгүйн улмаас зогссон. Суурь бүтцийн ажил буюу далангийн ажлын 86 хувь нь хийгдсэн. Энэ төмөр замын асуудлаар “Шинхуа” групптэй гэрээ хийхээр яриа хэлэлцээр хийгдэж байна. Ажил эхэлчих юм бол хоёр жилийн хугацаанд дуусгана гэсэн төлөвтэй байгаа.     

-Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын огтолцлолын цэгийг Хятад улстай тохирсон уу?

-Ганц мод-Гашуун сухайт хилийн боомтын хил нэвтрэх цэгийн талаар Хятад улстай зөвшилцөлд хүрээгүй. Хятадын талаас санал болгосон 30 метр өндөртэй хэсгээр огтлолцохгүй гэдэг байр сууриа манай улс илэрхийлсэн. Одоогоор Гадаад харилцааны яамаар дамжуулан дипломат сувгаар харьцаж байна.  

-“Шинхуа” групптэй хэлэлцээр хийж байна гэж яригдаад байгаа. Ирэх хавар ажил нь эхлэх бололцоо байгаа юу?

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат:

-Төмөр замын төслийг урагшлуулах асуудлаар Засгийн газрын ажлын хэсэг өнөөдрийн /2016.11.16/ хуралдаанар байгуулагдлаа. Ер нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг Хятадын тал цогцоор хөгжүүлэх санал тавьж байна. Энэ саналыг Монголын Засгийн газар ч дэмжиж байна. Төмөр замын хувьд өнгөрсөн оны найм, есдүгээр сараас “Шинхуа” групптэй хэлэлцээр хийж эхэлсэн. Одоогоор бол гэрээний үндсэн нөхцлийн тохирчихсон. Гэтэл  “Шинхуа” групп ямар ч хариу өгөөгүй. Энэ дунд нь Монголын талаас и-мэйл, албан тоот явуулж байсан. Мөн “Шинхуа” групп дээр хоёр удаа очиж уулзсан. Ахиц гараагүй байна. Энэ бол мэдээж хэрэг нүүрсний үнэ болон “Шинхуа” группт үүссэн дотоод асуудалтай холбоотой. Хөгжлийн банкны 200сая доллараар хийсэн бүтээн байгуулалт нь төмөр замын доод бүтцийн 51 хувийг хийж гүйцэтгэсэн. Түүнээс бол нийт төмөр замын 51 хувь биш. Далангийн ажил буюу доод бүтцийн бүтээн байгуулалтын суурь бүтэц сайн хийгдсэн. Одоо бол 200 гаруй км яваад зогссон байгаа. Тэгэхээр холболтын цэгийг хамгийн түрүүнд шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар Хятадын тал хариу өгөөгүй байгаа. Албан бусаар бол танай саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өгөөд байгаа юм. Тавантолгойгоос 200 гаруй км яваад зогссон цэгээс улсын хил хүртэл зөрүү үүссэн байгаа нь үнэн. Тэгэхээр энэ бол том асуудал биш. Гагцхүү ганцхан хүндрэл нь хил дамнасан 5,6 км гүүр барьж байж энэ замын холбоно. Манай талаас илүү зардал гарах гээд байгаа юм.            

-Улаанбаатар төмөр зам ОХУ-тай хийсэн гэрээг хэзээ шинэчлэх вэ?

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл:

-Улаанбаатар төмөр зам ОХУ-тай 1949 онд гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээг шинэчлэх ажлын хэсгийг би ахалж байна. Одоогоор судалгаа хийгээд, санал аваад явж байна. Хувь хэмжээний тухайд хөндөхгүй гэсэн байр суурийг ОХУ-аас илэрхийлсэн. Мөн татварын асуудалд хатуу байр суурьтай байгаа. Гэрээний бусад заалтыг орчин үед нийцүүлж хасах шаардлага бий. Тэгэхээр Монголын Засгийн газар төмөр замын ажлыг энэ хавар эхлүүлэхээр болоод, ажлын хэсэг байгуулагдлаа.  

-Оросоос Хятад руу гарч байгаа транзит тээвэр хэр зэрэг байна вэ?

Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа:

-Дамжин өнгөрөх тээвэр буюу транзит тээвэр Монгол Улсад ач холбогдолтой гэдэг дээр маргахгүй байна. Улаанбаатар төмөр замын гол коридор бол Хятад, Орос бөгөөд европын зах зээлд холбосон хамгийн дөт зам юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлтийн 10,9 хувийг транзит тээвэр эзэлж байна. Транзит тээврээс Улаанбаатар төмөр замд төвлөрөх орлого 22,8 хувийг бүрдүүлж байна. Транзит тээврийн тооцоо нь олон талт хэлэлцээр буюу төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын нэгдсэн транзит тариф гэсэн хэлэлцээрийн дагуу хийгддэг. Бид транзит тээврийг хөхүүлэн дэмжих чиглэлээр олон улсын тарифаас тодорхой хэмжээний хөнгөлөлтийг ОХУ, Хятад улсад өгч байгаа. Нэг цэгийн үйлчилгээ байхгүйгээс улбаалж транзит тээвэр хөгжихгүй байна гэсэн шүүмжлэл дагуулдаг. Өнөөдрийн байдлаар хамгийн их ачаа ОХУ-аас мод модон бүтээгдэхүүн Хятад руу явж байгаа. Цаашид ОХУ Монгол Улсын Засгийн газар хоорондын транзит тээвэр хөгжүүлэх гэрээний хүрээнд Оросын нутгаар тээврийн тарифын хөнгөлөлт авах тэр дундаа чингэлэгийн буухиа галт тэрэгний хөнгөлөлт авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.      

-Улаанбаатар төмөр замын вагон хэзээнээс цахилгаанаар явдаг болох вэ? Хөрөнгө оруулалтын асуудал дээр Оросын тал ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Цахилгаанжуулалтын арга хэмжээ бол нэлээд их хөрөнгө мөнгө шаарддаг. Манай Улаанбаатар төмөр замын мэргэжлтэний хийсэн тооцооллоор Багануур Улаанбаатар чиглэлийн нүүрсний алдагдалтай шугамыг цахилгаанжуулах төслийг энэ оноос тооцоог нь хийхээр ажиллаж байна.  

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж