Өвлийн улиралд хотын утаанаас дутахгүй нэгэн асуудал гарч ирдэг нь халтиргаа, гулгаа. Улаанбаатарт ойр ойрхон дарааллан орсон цас бидний өвөлжилтийн бэлтгэлийг шалгаад авав. Жолооч нар зуны дугуйгаа солиогүй байсан нь осол, аваар гарах гол шалтаг болсныг замын цагдаагийнхан дуулгасан. Тэгвэл хот тохижилтын байгууллагууд ажлаа хэрхэн гүйцэтгэж буй талаар шөнийн сурвалжлага хийлээ.
Улаанбаатар хотод өнгөрсөн өвөл нийт арван удаагийн давтамжтайгаар цас орсон бол энэ өвөл аравдугаар сарын 17-ноос хойш 11 удаагийн удаагийн давтамжтайгаар цас ороод байна гэдэг статистик мэдээ байна. Өвөл дуусах өдий. Дөнгөж эхэлж буй. Тэгэхээр хот тохижуулахын ажилтан, ажилчид энэ өвөл ажил ихтэй байх нь тодорхой бололтой.
Нийслэлийн өмчит “Хот тохижилт” компани Улаанбаатар хотын 337 км зорчих хэсгийн зам буюу нийт 4 сая 974 мянган ам метр талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, 46 га ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоо, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан гүйцэтгэдэг. Мөн Улаанбаатар хотын төвлөрсөн том гурван хогийн цэгийн цэвэрлэгээ, үйл ажиллагааг хариуцдаг.
Дээрх ажлыг зам талбайн 255 үйлчлэгч, ногоон байгууламжийн 90 ажилтан, жолооч ачигч 54 хүн, нийт 399 хүн гүйцэтгэдэг. Сүүлийн хоёр долоо хоног дараалан хагас, бүтэн сайн өдрүүдэд нийслэлд нэлээн хэмжээний цас оров. Амралтын өдрүүдэд Хот тохижуулахын үйлчлэгч, жолооч, ачигч ажилтнууд уг нь амрах ёстой боловч тэдэнд тийм эрх олдохгүй байна. Тэрчлэн өдөр, шөнө хоёр ээлжинд хуваагдан ажиллаж байгааг “Хот тохижуулах” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ. Өдөр нь авто замын цасыг хусч цэвэрлээд шөнө нь түүнийг зөөж хаях ажлыг хийж байна. Учир нь өдөр замын ачаалал ихтэй үед цас зөөх машин зэрэг ажиллах нь авто машины хөдөлгөөний нэвтрэх хурдыг сааруулж, түгжрэлийг үүсгэдэг учраас жолооч нараас эхлээд замын цагдаа нар ад үзэнгүй ханддаг. Бас загнадаг. Иймд замын хашлагын нуухыг шахаж овоолсон цасыг шөнө л ачих хэрэгтэй болдог.
Хариуцсан зам, талбай 4.9 сая ам.метр ба 255 үйлчлэгчид хувааж үзвэл нэг хүнд 19.215 ам метр талбайн цасыг цэвэрлэх үүрэг оногдож байна. Энэ хэмжээний талбайг өдөр бүр цэвэрлэдэг тэд өдөртөө доод тал нь 10-12 км газар явган алхдаг. Энэ өдрүүдэд өдөртөө 182 удаагийн рейсээр нийт 87 тн цасыг ачиж хаяж байна.
Тэдний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээг илтгэх тоо гайхаш төрүүлэм. Тус компаний хэмжээнд цас хусагч жижиг оврын bobcat хэмээх машин 1 ширхэг /80 сая орчим төгрөгийн үнэтэй/, түүнтэй ижил үүрэг бүхий арай том хэмжээний ковш мөн 1 ширхэг, цас буюу хог ачигч 11 битүү машин, задгай тэвш бүхий 7 ачааны КаМаЗ маркийн машин ажиллаж байна. Мөн ажилчдаа 337 км зам дээр зөөвөрлөн хүргэдэг дунд оврын автобус нэг ширхэг байдаг.
“Хүн хүч, техникийн нөөцөө нэмэх бололцоогүй тул зөв төлөвлөлт, зөв хуваарилалт хийж, бүтээмжээ нэмэгдүүлэх нь гол зорилго болоод байна” гэж “Хот тохижилт” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж ярилаа. Өдгөө үүссэн нөхцөл байдлыг үнэлэн ачигч, жолооч нар шөнийн ээлжээр ажиллаж байгаа ба илүү цагийн нэмэгдэл, унаа, хоолны мөнгийг цалин дээр нэмж олгож байгаа аж. Үйлчлэгчдийн дундаж цалин 676 мянга, ачигчдын цалин 678 мянга, жолооч нарын цалин 718 мянган төгрөг байдаг.
“Хот тохижуулах” ОНӨААТҮГ нь нийслэлийн төсвөөс санхүүждэг бөгөөд 2006 онд буюу 10 жилийн өмнө НИТХ-аас баталсан тогтоолд заасны дагуу 1 ам метр талбайн цэвэрлэгээнд 50 төгрөгийн хөлс тооцон олгодог байна. Зам, талбайг үйлчлэгчид өдөр бүр цэвэрлэдэг ч сард гурван удаа цэвэрлэснээр тооцон нийслэлийн төсвөөс санхүүжилт олгодог аж.
Энэхүү тогтсон цалингийн системд өөрчлөлт оруулж, хийснээр нь нэмэлт олгох урамшуулалд суурилсан цалингийн сүлжээ рүү шилжиж байгааг газрын дарга Б.Бямбадорж тайлбарлав. Ингэснээр тэдний цалингийн хэмжээ нэлээдгүй нэмэгдэх юм байна.
“Хот тохижилт” ОНӨААТҮГ-ын дарга, дэд дарга, удирдах ажилтнууд мөн шөнөдөө хариуцлагатай жижүүр хийж, зам дээр ажиллаж буй ачигч, жолооч нарын ажилд зааварчилгаа өгөхөөс гадна урам, дэм өгдөг байна. Энэ үеэрээ цалингийн урамшуулал бий болгож байгаагаа хүмүүст тайлбарлах нь 20-25 градусын хүйтэнд унтах нойроо хасан ажиллаж буй ажилчдадаа дэм өгч буй хэрэг бололтой.
Өдөртөө нийслэл хот 2000-2200 тонн хог гаргадаг. Хотын том төвлөрсөн хогийн цэгүүдэд ачигдан ирж буй хогийг диспетчерийн алба пүүлэн хэмжсэний дараа хогийн цэг рүү оруулдаг. Энэхүү алба 24 цагаар ажилладаг. Арваннэгдүгээр сарын 15-наас 16-нд шилжих урд шөнө Нарангийн хогийн цэгт диспетчер О.Алтан-Од, хариуцлагатай жижүүр А.Энхбаяр нар ажиллаж байлаа.
Ингэхэд цасыг хогтой адилтган хогийн цэг дээр аваачиж асгах шаардлага юу байна вэ гэсэн асуулт урган гарч байна. Манайх шиг хуурай уур амьсгалтай оронд цас гэдэг хаврын цагт усны их нөөц. Үүнийгээ ногоон байгууламж дээр овоолж болдоггүй юм уу гэсэн асуултад Б.Бямбадоржийн өгсөн тайлбар сонин. Юу гэхээр цасыг дагтаршсаны дараа цацаж хайлуулдаг тусгай бодис буюу давсны уусмал нь зүлгийг гэмтээдэг юм байна. Хот тохижуулахынхан зөвхөн зам цэвэрлэдэггүй, ногоон байгууламжийн арчилгааг хариуцдаг учраас зүлэг, хөрсөө хамгаалах ёстой. Иймд тусгай бодис уусгасан цасыг зүлэг рүү биш хогийн цэг рүү зөөдөг байна.
НИТХ-ын хурлаас тогтоосон журмаар бол нийслэлд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүрэгтэй ч энэ тушаал хангалттай хэрэгждэггүй гэдгийг Б.Бямбадорж онцолсон. Гэхдээ тэд бэрхшээл тоочихыг хүсэхгүй байгаа төдийгүй эдийн засгийн хямралтай энэ үед тэрэг техник нэхэхгүй, хүний тоогоо нэмэхгүйгээр ажлаа сайн хийхийг хичээж байна. Хот тохижуулах газрын даргын хувьд ажилчдадаа итгэж байна.
Ачигч Отгонбаатар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа ба ажлаа дууссан цагт ээлжнээс бууна гэж ярьж байв. Булчингаа задартал цас нүдэж буй энэ эр 25 градусын хүйтэнд халууцан хөлөрчээ. Харин биеийн амрыг харж сул зогсох болвол даарч, жиндэх тул тасралтгүй цасаа нүднэ. Хот тохижуулахын ажилчид харьцангуй тогтвор суурьшилтай ажилладаг юм байна. Тус газрын ажилтнуудын дээд тал 10-13 дахь жилдээ ажиллаж байна.
Д.БАЯР