News агентлаг залуусын анхны амжилтыг дэмжих “Шинэ нэр” булангийн ээлжит зочноо танилцуулж байна. Түүнийг Цэвээндавдангийн Төгсбилэгт гэдэг. 26 настай. Улсын драмын эрдмийн театрын студийн жүжигчин.
Ц.Төгсбилэг нь “Говийн зэрэглээ” киноны ангийн байцаагч, “Ирж яваа цаг” киноны Шагдар, “Би чамд хайртай” киноны Балбар, “Ингэх гээд байсан юм” киноны Дэрмээгийн дүрээр ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн жүжигчин Няндагийн Цэвээнравдангийн отгон хүү юм. Тэр дээрээ дөрвөн ахтай. Ах нар нь эмч, инженер, менежер гээд өөр өөр мэргэжил эзэмшсэн бол Ц.Төгсбилэг аавынхаа мэргэжлийг өвлөн, урлагт хүчин зүтгэж байгаа. Түүний ээж "Монгол кино нэгтгэл"-ийн монтажчин С.Алтанцэцэг билээ
Түүнийг хоёрхон настай байхад аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч сэтгэл зүрхээрээ аавтайгаа, урлагтай үргэлж ойр байдгаа ярьсан юм. Тиймдээ ч аавынхаа мэргэжлийг нь өвлөн, багаасаа урлагийн хүн болохоор зорьжээ.
Төгссөн сургууль: “Сити” дээд сургууль.
Эзэмшсэн мэргэжил: Жүжигчин.
Одоо эрхэлж буй ажил: Улсын драмын эрдмийн театрын студийн жүжигчин
Сошиал хуудас: Цэвээнравдан Төгсбилэгт
АНХНЫ АМЖИЛТ
-Энэ мэргэжлийг эзэмшинэ гээд зориг шулуудсан тэр мөч магадгүй миний хувьд анхны амжилт маань байсан болов уу. Аавынхаа мэргэжлийг өвлөж авна гэж бодож эхэлсэн тэр мөч.
ЯАГААД ЖҮЖИГЧИН БОЛОХООР ШИЙДЭВ
-Намайг хоёр настай байхад аав маань өөд болсон. Гэсэн хэдий ч аав минь үргэлж миний дэргэд байгаа юм шиг надад нөмөр нөөлөг нь нөлөөлж түүн шиг л мундаг сайхан жүжигчин болохыг хүсэж мөрөөдөн энэ мэргэжлийг сонгосон. Аавынхаа мэргэжлийн онцлогт илүүтэй дурлан айлын отгон хүү гэдэг утгаараа ч энэ л мэргэжлийг сонгон түүнийхээ ирээдүй нь болох ёстой гэж сонголтоо хийсэн.
АНХНЫ ДҮР
-Анх хоёрдугаар дамжааны оюутан байхдаа Ж.Биндэр найруулагчийн “Худгийн мисс” киноны гол дүр Төрөөд тоглож байсан.
МЭРГЭЖЛИЙН АНХНЫ БАГШ ТАНЬ ХЭН БЭ?
-Манай аавын сайн найз Н.Ганхуяг багш намайг анх урлаг руу хөл тавихад аавын өмнөөс гараас минь хөтөлж, жүжигчин болоход хамгийн их түшиг болсон хүн.
- Жич: Тэр харагдах байдлаасаа илүү дуу хоолойны хувьд аавтайгаа илүү адилхан санагдав. Жүжигчин Н.Цэвээнравдангийн залуу насыг санагдуулам хүүгийнх нь яриаг энэ хэсэгт дүрсээр үзүүлэв.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРТ ЯМАР ДҮРҮҮДЭД ТОГЛОВ
-УДЭТ-т студийн жүжигнээр орж ажиллаад нэг жил гурван сарын хугацаа өнгөрч байна. Миний тайзнаа гарч ажилласан анхны дүр бол алдарт У.Шекспирийн “Ромео Жулльетта” жүжгийн Тебальтын дагуулын дүр байсан. “Үнсгэлжин” хүүхдийн жүжгийн салбадай болон “Кихот ноён” жүжиг болон Гамлет жүжгүүдэд дүр нөхөж ажиллаж байлаа. Найруулагчаас авч ажиллаж байгаа дөрөв дэх дүр маань одоо тайзнаа тоглогдож байгаа “Жаргаагүй нар” жүжгийн Содов.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ
-Олон түмэндээ хайрлагдсан аав шигээ чадварлаг, мундаг жүжигчин болохыг мөрөөддөг. Бүүр цаашилбал дэлхийн тавцанд улс эх орныхоо нэрийг гаргасан жүжигчин болохыг мөрөөддөг.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Чөлөөт цаг гарвал ихэвчлэн гэртээ өнгөрүүлэх дуртай. Шинэ гарсан кино үзнэ, хааяа ном уншина. Го даамыг сонирхож, хичээллэдэг. Манайд дэлгэрч байгаа отгон спортын нэг. Багаасаа тоглож эхэлсэн болохоор чөлөөт цаг гарвал голчлон энэ төрлийн тэмцээн, уралдаанд оролцдог.
ӨӨРИЙН ҮЕ ТЭНГИЙН ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Залуу хүн дуртай зүйлээ сэтгэл зүрхээ зориулан үнэнчээр хийх нь хамгийн сайхан. Энэ л амжилтад хүрэх хамгийн эхний алхам байдаг юм болов уу гэж боддог. Тийм болохоор залуустаа хандаад хүсч мөрөөдсөн мэргэжлийнхээ эзэн нь болж, зорилгодоо хүрэхийн төлөө зоригтой тэмүүлээрэй гэж хүсье.
Бэлтгэсэн Г.ДАША