Улаанбаатар уран гулгадаг ”талбай” болжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатар уран гулгадаг ”талбай” болжээ

Арваннэгдүгээр сард Монгол орон даяар сүүлийн арван жилд тохиолдоогүй хүйтрэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Хүйтний эрч хасах 47 градуст хүрэхийг ч урьдчилан анхааруулав.

Долоо хоногийн дотор дөрвөн ч удаа их бага хэмжээгээр цас орсноос нийслэлийн гудамж талбай тэр чигтээ мөсөн каток болж хувирлаа. Авто машины замууд нь ч, явган хүний зам ч ялгаагүй шил толь. Явахын эцэсгүй, явганаас унаж үхдэггүй гэдэг худлаа үг болоод удаж байна.

Өвөлдөө 40 градус хүрч хүйтэрдэг дэлхийн хамгийн хүйтэн хот мөртлөө гялтгар гантигаар замаа тохижуулсныг нь “гангамсаг” зан ч гэхэд хэцүүхэн. Гялгар толигор замаас нь болж өдөртөө 100 орчим хүн их бага хэмжээгээр гэмтэн ГССҮТ-д хандах болсон байна. Өнгөрсөн өвөл гэхэд 70 мянган хүн ганган замаас нь болж халтирч гэмтжээ.  Ямар сайндаа л хотын өмнөх удирдлагууд эсгий дэвсдэг ч билүү ухааны юм яриад сууж байсан л юм даг.

Улаанбаатар бол агаарын бохирдлоороо дэлхийд аман хүзүүддэг. Зундаа шавар шавхай, үнэр гуравтаа дарагддаг. Одоо дээр нь халтиргаа гулгаа гэсэн бас нэгэн асуудал үүсээд удаж байна.

Одоогоос есөн жилийн өмнө буюу 2007 онд Сүхбаатарын талбайг гантиг чулуугаар хучихад нийтдээ 418 мянган долларыг зарцуулсан байдаг. Даанч, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчээр Сүхбаатарын талбай Улаанбаатарын хамгийн том үнэгүй мөсөн каток болсон.  Цас бударсан үед Сүхбаатарын талбайгаар явах нь амиа хорлосонтой ялгаагүй л гэсэн үг.

Өнгөрсөн зун хур бороо ихтэй байлаа. Гэвч, бороо орохоор зам нь усаар дүүрээд явган явахын эцэсгүй болно. Заримдаа зам дээр тогтсон усыг шууд л туулаад гарахаас өөр замгүй. Хажуугаар давхих машинууд нь ч хамаг хувцасыг шавар шавхайгаар будаад өнгөрөх нь энхүүхэнд.

Ус бороо ч дүүрчээ гэхэд тэс хөлдсөн гантиг замаар нь тэмтчээд авахаас өөр аргагүй. Ингээд бодохоор нийслэлчүүдийн амьд явах эрх алдагдсаар. Улирал болгон нь асуудалтай Улаанбаатараас өөр хот дэлхийд байна уу? Уг нь өвлийн өвөлд л энэ асуудал хөндөгддөг, даанч явган алхдаггүй дарга нарт ярихаас өөр хийсэн зүйл алга.

Одоогоос есөн жилийн өмнө буюу 2007 онд Сүхбаатарын талбайг гантиг чулуугаар хучихад нийтдээ 418 мянган долларыг зарцуулсан байдаг. Даанч, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчээр Сүхбаатарын талбай Улаанбаатарын хамгийн том үнэгүй мөсөн каток болсон.  Цас бударсан үед Сүхбаатарын талбайгаар явах нь бараг л амиа хорлосонтой ялгаагүй гэсэн үг.

Нийслэлд сүүлийн жилүүдэд явган хүний зам талбайг солих ажил жил бүр хийгддэг болсон. Эндээс хэдэн дарга, дарга нарын компаниуд бизнес хийж байна гэсэн хардлага ч гардаг. . Нийслэлд 2011 онд 18,6 мянган километр явган хүний зам тавихад 472 сая төгрөгийг зарцууулж байжээ. Тэгвэл энэ тоо сүүлийн жилүүдэд багагүй өссөн бөгөөд 2014 онд есөн байр­шилд гадаргуугийн ус зайлуулах шугам, автомашины нүхэн гарц, явган хүний хоёр ч гүүрэн гарц болон байгалийн чулуун 1.84 км замыг барихад 70-аад тэрбум төгрөг  зарцуулсан гэх мэдээлэл ч байна.

Хоёр жилийн өмнө Сүхбаатар дүүргийн VII хороонд Багатойрууг МУИС-ийн арын гудамжтай холбох 0.13 км замыг байгалийн чулуунгаар тавих ажлыг "Тосгол" ХХК гүйцэтгэсэн бол Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөөг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох  байгалийн чулуун хучилттай 0,36 км замыг "Маргад Тражу" засварласан байдаг.

Тэгвэл Нийслэлийн албан ёсны сайт болох Ulaanbaatar.mn сайтад мэдээлснээр 2012-2015 онд нийтдээ 226 мянган ам метр талбайд явган хүний зам тавьжээ. Ингэхдээ нэг метр квадратын өртөгийг нь 18 мянган төгрөгөөр тооцсон байдаг. Мөн 139 мянган ам метр явган хүний шороон замыг хатуу хучилттай болгож, 17 томоохон гудамжийг тохижуулсан гэжээ.

Сүхбаатар дүүргийн нутаг Бага тойруу буюу МУИС-ийн хичээлийн V байрны өмнөх талбайг нүхтэй хавтангаар бүрсэн нь зун, намарт өндөр өсгийтэй гуталтай хүн явах аргагүй болгосныг энд дурдах нь зөв байх. Эцэст нь хэлэхэд нийслэлд бүтээн байгуулалт өрнөх тусам нийслэлийн иргэдийн амьд явах баталгаа алдагдсаар байна. Зундаа хамгийн том жорлон болчихдог Улаанбаатар өвөлдөө хамгийн том каток болж, олон хүний амь нас эрүүл мэндэд заналхийлсээр.

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж