Монгол эмч нарыг Европт хүлээн зөвшөөрдөг боллоо

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

Монгол эмч нарыг Европт хүлээн зөвшөөрдөг боллоо

-Япон, БНСУ, Австрали, Сингапур, Тайвань гэх мэт улсуудын анагаахын чиглэлийн сургуулиуд нэг бүсийн улс орны анагаахын сургуулиудад тусалж, нэг төвшинд хүргэх бодлогыг баримталж ирсэн. Энэ бүх шаардлагын дагуу тус сургууль олон улсын төвшинд хүрсэн мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна-

Монгол Улсад бэлтгэсэн боловсон хүчнийг гадаадын улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй байх нь бий. 4-6 жилийн турш сурч, дээр нь чамгүй хэмжээний төлбөр мөнгө төлсөн хэрнээ гадаадын улс орнууд үл тоох шиг гунигтай зүйл хаана байх билээ. Тэгвэл Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийг төгссөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Европын орнууд хүлээн зөвшөөрч, магадлан итгэмжлэл олгосон байна.

Европын холбооны дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагаар /ASIIN/-аас олгосон магадлан итгэмжлэлийн талаар бид тус сургуулийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Сүмбэрзултай ярилцлаа.


Анагаах ухааны доктор, профессор Н.Сүмбэрзул.

-Европын холбооны ASIIN гэх байгууллагаас олгосон магадлан итгэмжлэлийг хүртсэнээр танай сургуулийг төгссөн эмч мэргэжилтнүүдийг Европын орнуудад хүлээн зөвшөөрч байна гэсэн үг үү?

-Энийг тайлбарлахын тулд би эхлээд түүх ярих хэрэгтэй болох нь.

-Зүгээр, зүгээр таны тайлбар, түүхийг сонсъё.

-Манай АШУҮИС бол Азийн анагаах ухааны боловсролын холбооны гишүүн сургууль юм. 2013 онд энэхүү холбооны их хурлыг манай сургууль эх орондоо зохион байгуулж байсан. Азийн анагаах ухааны холбоо нь Дэлхийн анагаах ухааны боловсролын холбооны гишүүн байгууллага. Энэ утгаараа жил болгон Сингапурт цуглаж, анагаах ухааны боловсролын талаар ярилцдаг. Сүүлийн хэдэн жилийн турш хөндөгдсөн нэг асуудал бол эмч хүн хаана төгссөнөөс үл хамааран эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг төвшинд үзүүлдэг байх уриалгыг гаргасан. Монгол Улсад маань гадаадынхан олноороо айлчилж, ажиллаж амьдрахын хэрээр монголчууд ч гадаадын олон оронд аж төрж байгаа. Тиймээс хүссэн хүсээгүй манай эмч нар олон улсын төвшинд ажиллах шаардлага тулгарч байгаа.

Нөгөө талдаа Ази, Номхон далайн баруун эргийн бүст голчлон өндөр хөгжилтэй орнууд хамрагдаж байдаг. Япон, БНСУ, Австрали, Сингапур, Тайвань гэх мэт улсуудын анагаахын чиглэлийн сургуулиуд нэг бүсийн улс орны анагаахын сургуулиудад тусалж, нэг төвшинд хүргэх бодлогыг баримталж ирсэн. Энэ бүх шаардлагын дагуу манай сургууль олон улсын төвшинд хүрсэн мэргэжилтэн бэлтгэхээс аргагүйд хүрч байгаа. Тиймээс Ази Номхон далайн баруун эргийн бүсийн анагаахын чиглэлийн сургуулиудын төвшинд хүрэх зорилт дэвшүүлсэн. Үүний тулд сургалтын хөтөлбөрөө сайжруулах зорилтыг нэн тэргүүнд тавьсан. Олон жилийн өмнөөс Голландаас импортлон авчирсан хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрсөн магадлан итгэмжлэлийн эзэн болсондоо манай сургуулийнхан баяртай байгаа.

-Сургалтын хөтөлбөрийг импортлон авчирсан гэдэг үг сонирхолтой байна. Худалдан авч ирсэн гэсэн үг үү?

-Европын “Темпус тасис” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны санхүүжилтээр 1998 оноос төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Голландын Хронигений их сургуулиас уг хөтөлбөрийг 2000 онд импортлон, монгол хөрсөн дээрээ нутагшуулсан гэсэн үг. Тэр жилдээ анхны төгсөгчдөө авч, шинэ хөтөлбөрийн дагуу зургаан жил сургаад 2011, 2012 онд Азийн Номхон далайн анагаах ухааны боловсролын холбоогоороо хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Харин дараа нь 2015 онд Хронигений их сургуулийн экспертүүд, Канадын Калгари их сургуулийн экспертүүдээр үнэлгээ хийлгэж, түүний үр шимээр манай сургалтын хөтөлбөр боловсронгуй болгож, хөгжүүлсээр ирсэн. Энэхүү хөтөлбөрөө БСШУЯ, Магадлан итгэмжлэлийн төвд саналаа өгсөн. 2016 оны зургадугаар сард Европын холбооны дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага ASIIN-ийн экспертүүдийг урьж шалгуулсан. Сая аравдугаар сарын 24-ний өдөр “АШУҮИС-ийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжиллээ” гэсэн сертификатыг бидэнд илгээсэн байна.

-Энэхүү магадлан итгэмжлэлийг авснаар танай сургуулийн оюутнуудад ямар шинэ гарц нээгдэж байгаа хэрэг вэ?

-Монгол Улсын анагаахын чиглэлийн сургуулиудаас ганц манай сургуулийн бүртгэл л олон улсад бий. АНУ-ын гадаадад их сургууль төгсөгчдийн хороонд л гэхэд зөвхөн манай сургуулийг бүртгэсэн байх жишээтэй. Тиймээс Америкийн баруун эргийн их дээд сургуулиудад л гэхэд манай төгсөгчид цааш үргэлжлүүлэн суралцах боломжтой болно. Харин эмч мэргэжлээрээ ажиллахын тулд тухайн улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн шалгалтад орох учиртай.

-Зарим оронд анагаахын их сургуульд суралцагчид шууд мастер зэрэгтэй төгсөх нь бий. Манай улсын хувьд ийм боломж хэр байдаг вэ?

-Хараахан шийдэгдээгүй ч яригдаж буй асуудлын нэг. Герман, Голланд гэхчилэн улс орнуудад анагаахын сургуульд зургаан жил суралцаж төгсөхдөө мастерийн зэрэгтэй төгсөх нь бий. Манай сургуулийн төгсөгчдийн кредитийн хэмжээ ч Боловсролын хуульд заасан кредитийн хэмжээг бүрэн хангасан байдаг. ASIIN-аас өгсөн зөвлөмжийн нэг бас энэ. Учир нь Европын орнууд мастер зэрэгтэй эмчийг ажиллуулах шаардлагыг тавьдаг байх жишээтэй. Нөгөөтэйгүүр манай сургуулийн Голландаас авчирсан хөтөлбөрийг Хонгконгийн их сургууль, Калгари их сургууль, Арабын Эмиратын анагаахын сургууль зэрэг газрууд мөн хэрэгжүүлсэн байсан нь үнэхээр сайхан санагдсан.

-Дэлхий нийтийн жишгээс харахад улс орнуудын томоохон анагаахын сургуулиуд дэргэдээ эмнэлэгтэй байдаг. Манай анагаахын сургуулийн эмнэлэг Баянзүрх дүүрэг баригдаж эхлээд байгаа. Анх шав тавих үеэс газрын зөвшөөрөл тойрсон сөрөг байр суурь багагүй сонсдож байсан. Одоо тэр асуудал хэвийн болсон уу. Эмнэлэг хэзээ ашиглалтад орох вэ?

-Япон улс АШУҮИС-ийн дэргэдэх эмнэлгийг буцалтгүй тусламжийн хүрээнд барьж байгуулж өгч байгаад үнэхээр талархаад баршгүй. Дэлхийн аль ч улс оронд анагаахын сургуулиуд өөрийн гэсэн эмнэлэгтэй, тэрхүү эмнэлгүүд нь нэр хүндтэй, сайн эмнэлэгт тооцогдож байдаг. Тиймээс манай сургууль эмнэлэгтэй болох гэж олон жилийн өмнөөс хөөцөлдөж ирсэн. Бидний үед энэ ажил маань биеллээ олж, эмнэлэг баригдаж эхэлсэн нь завшаантай хэрэг. Газар сонголтын тухайд бид нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажилласан. Судлаад үзэхэд Улаанбаатар хотын төв болон баруун дүүрэгт эмнэлэг олон байдаг юм байна. Харин зүүн талдаа эмнэлэг тун цөөн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн госпиталь зэрэгцэж оршдог бөгөөд түүнээс цаашаа томоохон эмнэлэг байхгүй. Тиймээс зүүн бүсэд аж төрж буй иргэдэд яаралтай тусламж үзүүлдэг эмнэлэг байх нь зөв гэж шийдсэн. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн найман га газарт эмнэлгийн барилга баригдаж байгаа. Эмнэлэг маань 2018 оны зургадугаар сард ашиглалтад орно. Японы талаас хөрөнгө оруулалттай болохоор санхүүжилт зогсоно гэх болгоомжлол байхгүй.

Тэрхүү эмнэлгийнхээ яг хажууд бид анагаахын сургуулийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж байна. Тэр нь Монгол анагаах ухаан /уламжлалт/-ы олон улсын сургууль, эмнэлэгтэйгээ баригдаж байгаа. 2018 он гэхэд сургуулийн маань түүхэнд их сайхан түүх бичигдэнэ. Тэр үеэс бүх төгсөгчдөө толгой дараалан сургаад, нарийн мэргэжлийн эмч нараа бэлтгээд явах боломжтой. Хууль эрхзүйн орчин ч бүрдсэн.

-Монголд анагаахын чиглэлийн хичнээн сургууль байна вэ. Сургуулиудын тоо нэмэгдэх тусам өрсөлдөөн бий болж, чанартай мэргэжилтэн бэлтгэхэд ташуур болж чадаж байна уу?

-Үүнийг хоёр талтай ойлгож байгаа. Өөрийн тань хэлсэнчлэн өрсөлдөөн өрнөх боломж гарч байвал сайн хэрэг. Гэтэл бас ажлын байрны хүрэлцээ хүртээмж тааруу үед бол өрсөлдөхөөсөө илүү хамтарч ажиллах нь зүйтэй байдаг.

Манай улсад анагаахын чиглэлийн 10 гаруй их дээд сургууль бий. Эм зүй, уламжлалт анагаах ухаан, сувилахуй гэхчилэн олон чиглэлээр дээрх сургуулиуд ажилладаг. Эдгээрээс төрийн ганц сургууль нь манайх. Мөн анагаахын бүх чиглэлээр сургалт явуулдаг ганц сургууль. Хөдөө орон нутагт гурван салбартай. Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймгуудад салбар сургуулиуд бий.

Ази, Номхон далайн бүсийн сургуулиуд хамтран ажиллаж, нэг төвшний мэргэжилтэн бэлтгэе гэсэн уриа дэвшүүлсэн гэдгийг би дээр хэлсэн дээ. Түүнтэй адил манайхан ч дотооддоо хамтран ажиллах учиртай юм болов уу гэж боддог. Халдварт бус өвчний чиглэлээр өндөр амжилттай яваа Финланд улсад л гэхэд анагаахын сургууль нь манайхаас цөөн байдаг. Цөөн мөртлөө чанартай эмч бэлтгэдэг юм билээ. Тиймээс бид ч хүний их эмч мэргэжлээр төгсөгчдийнхөө тоог байнга багасгаж ирсэн. Жилд 500-600 овутан их эмчээр суралцаж байсан бол одоо 400 оюутан их эмчээр сурч байна.

-Танай төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болдог вэ?

-Төгсөгчдийнхөө ажлын байрын судалгааг төгссөнөөс нь хойш нэг жилийн дараа явуулдаг. Ингэхэд 60-70 хувьтай байгаа. Манай төгсөгчдөд ажлын байрын санал харьцангуй их ирдэг юм шүү. Амжилттай сайн суралцагчдын хувьд ажлын байранд санаа зовох хэрэггүй гэж болно.

-Хүний амь нас эрүүл мэндийг хариуцдаг онцгой мэргэжилтэн бэлтгэдэг сургуулийн багш, ажилтнууд, дарга удирдлагуудын хувьд намын өнгө аясаар өөрчлөх, шинэчлэх тохиолдол байдаг уу. Засаг төр солигдох тоолонд их дээд сургуулийн захирлын томилгоо яригдаж байдаг. Танай сургуулийн хувьд халаа сэлгээ ямар байдаг бол?

-Анагаахын сургуулийн хувьд халаа сэлгээ, намын томилгооноос харьцангуй ангид гэж хэлж болно. Анагаахын их сургууль маань анх МУИС-ийн Хүн эмнэлгийн сургууль нэрээр 1942 онд байгуулагдаж байсан юм шүү дээ. Хожим нь 1961 онд Анагаахын их сургууль болон бие дааснаас хойш ердөө дөрвөн захирал л удирдаж өнөөг хүргэсэн байдаг юм. Анхны ректор н.Балдандорж, Г.Жамбаа, Ц.Лхагвасүрэн нар ажиллаж байгаад одоо Г.Батбаатар захирал ажиллаж байна. Ерөөсөө дээд боловсролын байгууллага бол академик байгууллага шүү дээ. Ийм байгууллагыг олон жил ажиллаж, судалгаа шинжилгээ хийсэн, олон мянган шавь нар төрүүлсэн, өндөр төвшний хүмүүс удирдан ажилладаг учир мэргэжлийн бүтээл, ур чадвар нь хэмжүүр болж байдаг.

Манай захирлууд цөмөөрөө багш шавийн барилдлагатай, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг сайхан уламжлалтай хамт олон байдаг юм.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж