Хэзээ ч ялагдашгүй Лего тоглоом

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Хэзээ ч ялагдашгүй Лего тоглоом

Компьютерийн тоглоомд ч ялагдахгүй ирсэн Лего тоглоомоор энэ дэлхийн бараг бүх хүүхэд тоглож үзсэн гэхэд болох байх. Лего групп нь дэлхийд 4-т ордог томоохон тоглоом үйлдвэрлэгч бөгөөд дэлхий даяар тархсан 5000 гаруй ажилчинтай юм. Тэнд 18 өөр үндэстэн бүхий 150 дизайнер лего тоглоомын бяцхан элементүүдийг төлөвлөж суудаг ба тэдний энгийн мөртлөө гайхалтай бүтээлүүд 130 гаруй оронд худалдаалагдаж байна.

Анх 1932 онд Ole Kirk Chiristiansen хэмээх хүн Дэнмаркад энэ бизнесийг эхлүүлсэн бөгөөд тухайн үедээ гэр бүлийн жижиг бизнес байжээ. Тэрээр 1960 он хүртэл модон тоглоомууд хийдэг байсан ч тэднийг хадгалдаг агуулах нь галд шатаж тоглоомууд нь сүйтгэгджээ. “Лего” гэдэг нэрийг бол аль 1934 онд компанидаа өгсөн байна.

1947 оноос хуванцар тоглоом хийхээр оролдож, улмаар 1958 онд одоогийн лего тоглоомынхоо үндсэн хэлбэр, элементдээ патент авчээ. Түүнээс хойш одоог хүртэл энэхүү үндсэн элемент нь хэвээр байж орон орны хүүхдүүд тоглосоор байгаа билээ.

2000-аад оны үед дэлхийн хүүхдүүд mp3 тоглуулагч, видео тоглоом зэргийг илүү сонирхож Лего тоглоомоо түр мартсан ч (борлуулалт багассан) одоо бол хүүхдэд ямар нэгэн гэм хоргүй бөгөөд оюун ухаан задлах, хөгжүүлэх “ногоон” тоглоом хэвээр байж хүүхдүүдийн төдийгүй эцэг эхчүүдийн хайрыг татсаар байна.

Лего групп ч зүгээр суугаагүй бөгөөд цаг үетэйгээ хосолж, сүүлийн үеийн хит кино, тоглоомын баатруудыг гаргахын зэрэгцээ Массачусетсын Технологийн Институттэй хамтран микропроцессор, мотор, мэдрэгч болон тусгай програм хангамж бүхий MINDSTORM хэмээх роботуудыг хэдэн жилийн өмнөөс гаргаад байгаа юм.

“Саранд хүрэх өндөр цамхаг барихыг хүсч байна уу? Тэгвэл танд 40,5 тэрбум ширхэг лего тоглоом хэрэгтэй” гэж www.howstuffworks.com сайтад бичжээ.

Т.Энгүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж