Худалдааны хэлэлцээрт нэгдэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

Худалдааны хэлэлцээрт нэгдэхийг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2016.11.15/ Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа орнууд 1975 онд Бангкокийн хэлэлцээр нэртэйгээр байгуулсан бөгөөд 2005 онд уг хэлэлцээрийг өргөжүүлэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/ болгон өөрчилжээ. Өнөөгийн байдлаар Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ болон Шри Ланка улс гишүүнээр элсээд байна.

Гишүүн орнууд өнөөг хүртэл 4 удаагийн тарифын хэлэлцээ хийж, 10 мянга гаруй барааны татварыг харилцан бууруулах үүрэг хүлээжээ.

АПТА-гийн гишүүн улс импортод хамрагдаж буй нийт барааны 40 хувь, хоорондын худалдааны үнийн дүнгийн 20 хувийг тус тус хөнгөлөх амлалт аваад байна.

Монгол Улс АПТА-д нэгдэх сонирхлоо 2009 онд албан ёсоор илэрхийлсэн ба 377 нэр төрлийн барааг багтаасан хөнгөлөлтийн үндэсний жагсаалтыг гарган, Засгийн газрын 2011 оны долдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжснээр хэлэлцээг эхлүүлж байжээ.

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60 гаруй буюу экспортын 90 гаруй, импортын 30 хувийг АПТА-гийн гишүүн орнууд эзэлдэг. АПТА-д нэгдсэнээр манай экспортын бараа БНХАУ болон БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Монгол Улсын экспортын гол нэрийн бараа болох чулуун нүүрсний хувьд 30 хувийн хөнгөлөлт эдэлж 2015 оны эцсийн байдлаар 9,5 сая ам долларын хөнгөлөлт эдлэх боложтой байсан. Цаашид коксжих нүүрсний экспортод 50 хувийн импортын татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

Уг хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ.

Гэтэл Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн Монгол Улсын үндэсний хөнгөлөлтийн жагсаалтад багтсан модон хаалга, цонх зэрэг барааны гаалийн импортын тарифыг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас 2016 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 185 дугаар тогтоол гаргасан тул уг хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыгхойшлуулсан юм байна.

Модон хаалга, цонхны импорт голчлон БНХАУ, БНСУ-аас хийгддэг. 2015 оны байдлаар нийт импортолсон модон хаалга, цонхны хэмжээ 5,6 сая ам доллар, үүнээс импортын гаалийн албан татварын орлого 1,1 сая ам доллар олох байснаас 30 хувийн хөнгөлөлт үзүүлснээр татварын орлого 330 мянган ам. доллараар буурахаар байгаа аж. Зөвхөн чулуун нүүрсэнд эдлэх импортын татварын хөнгөлөлт 9,6 сая ам доллар байгаа тул төсвийн орлогын алдагдлыг нөхөх бүрэн боломжтой гэж үзэж буй юм байна.

Монгол Улс цаашид БНХАУ, БНСУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа ба АПТА-гийн хэрэгжилтийн үр дүн нь эдгээр улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, эрсдлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой болох аж.

Мөн Монголын бараа бүтээгдэхүүн АПТА-гийн гишүүн орнуудын зах зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрэх боломж бүрдэнэ. Эдгээр орнуудаас Монголд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Дээрх асуудалтай холбогдуулж, асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй.

Одоо Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж