Зам тээврийн хөгжлийн сайдын гаргасан зам хаах тушаалаас болж өнгөрсөн Ням гаригт хот, хөдөөг зорьсон 950 гаруй иргэн суурин газруудад саатсан билээ. Цаг агаараас үүдсэн онц байдал зарлахад зорчигчдыг тээвэрлэж яваа автобус компаниуд Автотээврийн үндэсний төвтэй хийсэн гэрээний үүргээ биелүүлж, зорчигчдынхоо аюулгүй байдлыг ханган буудлах, хооллох зэрэг зардлыг хариуцан ажилласан байна. Тухайлбал, Орхон аймгаас Улаанбаатар хотыг зорьж явсан хоёр том автобуст 74 иргэн, Улаанбаатараас тухайн өдрийн 11.00 цагт гарсан 41 хүнтэй “Ариун шар зам” хоршооны автобусыг Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн ажилтнууд, цагдаа нар Дархан-Уул аймагт саатуулж, зам нээгдэхээр яв гэжээ. Үүнийг сонссон “Ариун шар зам” хоршооны менежер “Салбарын сайдынх нь зам хаах шийдвэр нь гараагүй, ирээгүй байхад яагаад зам хаав, Дарханаас Эрдэнэт орох замд цас ороогүй байна. Цагийн эртэд, гэгээ тасраагүй байхад Орхон аймагт очих боломжтой байна” гэх хариу тайлбар, асуулгыг Дархан-Уул аймгийн Авто тээврийн үндэсний төвийнхөнд тавьсан байна. Хоёр цагийн дараа буюу 15.00 цагийн орчимд Д.Ганбат сайдын гарын үсэгтэй зам хаах тушаалыг харуулж, автобусуудыг нь цааш явуулах боломжгүйг албаныхан тайлбарлажээ.
Энэ хооронд “Ариун шар зам” хоршооны автобуст зорчиж явсан иргэд менежер рүү нь холбогдож, яах ёстойгоо асууж, зарим нь бухимдаж эхэлсэн гэлээ. Нэгэнт зорчигчдынхоо аюулгүй байдлыг хариуцаж, тээвэрлэлт хийж буй компани болохоор үүссэн асуудлыг шийдвэрлэхээр Орхоноос Дархан-Уул аймгийг зорьж, 19 цагийн үед Дарханд ирж, зорчигчдоо вагонд суулган үлдсэн 7-8 иргэнийг хоолонд оруулж буудалд хонуулсан гэлээ. Орхон, Улаанбаатарыг зорих галт тэрэг энэ сарын 13-14 ний шилжих шөнө 02.40 цагт хөдлөх байсан учир 12.00-02.40 цаг хүртэл автобусуудаа нормалдаж, зорчигчдоо дааруулахгүй суулгаж, вагон ирэхийг хүлээжээ.
Хоорондоо уялдаагүй, замаа сайтар судлаагүй 21 цагийн турш улс, олон улсын чанартай зам хаах сайдын шийдвэрээс болж “Ариун шар зам” хоршооныхон нэг сая 200 орчим мянган төгрөгийг өөрсдийг нь сонгосон зорчигчдоо аюулгүй гэрт хариулах, хонуулахад зарцуулжээ. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан үүргээ “Ариун шар зам” хоршоо маш сайн биелүүлсэн байхад АТҮТ-өөс сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ өөрсдөө хийсэн юм шиг ярьж, тус хоршооныхныг хариуцлага үүрээгүй зорчигчдоо хөсөр хаясан тухай мэдэгдэл нь хийсэнд гомдолтой байгаагаа Д.Бямбасүрэн ярилаа. Автотээврийн үндэсний төвтэй “Миг даатгал”, “Монгол даатгал”, “Бодь даатгал”, “Соёмбо даатгал”, “Хаан даатгал” гэсэн таван компани гэрээ байгуулж, зорчигчоос шууд асуулгүйгээр амь даатгалын мөнгө гэж 200-300 төгрөг авдаг юм. Иймээс цаг агаараас шалтгаалж, онцгой байдал зарлан зам хаасан үед тээвэрлэгч компаниудын зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангаж ажиллахад гаргасан зардлыг даатгалын компаниуд нөхөн төлбөр болгож шийдэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зорчин явагчийн гэнэтийн ослын даатгалын гэрээнийхээ хүрээнд саатсан зорчигч, компаниуд дээрх таван даатгалын компаниас нөхөн төлбөрөө гаргуулж авах боломжтой юм.
Д.Бямбасүрэн менежерийн мэдээлснээр АТҮТ автобус компаниудаас сар бүр орлогынх нь найман хувийг татвар болгон суутгаж авдаг аж. Мөн автобусаар хот хооронд явахаар билет бичүүлдэг иргэдээс 200-300 төгрөгийг амь насны даатгалын мөнгө гэж шууд авдаг. Энэ мөнгөний тодорхой хувийг мөн л АТҮТ дундаас нь хураадаг байна.
Зураглаач Н.БАТМӨНХ