-Энэ удаагийн ҮЗХ-ны хурал өмнөх шигээ “найр тараах” хэмжээний ширүүн хуралдаан болохооргүй шинжтэй байна-
Ардчилсан намын ҮЗХ-ны хурал гурвантаа хойшлогдсоны эцэст өнөөдөр /2016.11.16/ Төрийн ордонд 15.00 цагаас эхлэхээр товлогдоод байна. ҮЗХ-ны хурлаар намын даргын асуудал огт хөндөгдөхгүй бөгөөд намын шинэчлэл болон ирэх арванхоёрдугаар сард болох Их хурлын бэлтгэлийн талаар ярилцаж, ажлын хэсэг байгуулахаар болжээ.
ҮЗХ-ны хуралд Ардчилсан намын хуучин дарга нар төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. ҮЗХ-ны хурлын тов гарангуут Ардчилсан намын фракциуд гишүүдээ бүртгэж, тоо тоолж эхэлдэг байсан бол энэ удаад өмнөх шигээ “найр тараах” хэмжээний ширүүн хуралдаан болохооргүй шинжтэй байна. Гэхдээ далдуур саналаа багцалж байхыг үгүйсгэхгүй.
УИХ-ын сонгуульд төсөөлж байгаагүйгээр ялагдал амссан Ардчилсан намынхан сонгуулийн дараа ҮЗХ-ны хурлаа хийж, экс дарга З.Энхболдыг хатуу ширүүн үгээр шүүмжилсэн. Гэвч ялагдлынхаа гол шалтгаануудыг эрүүлээр харж, эвээр ярилцаж чадаагүй, ирэх арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа товлоод тарцгаасан юм. Тиймээс өнөөдрийн ҮЗХ-ны хурлаас илүү маргаашийн Их хурал хатуу, ширүүн уур амьсгал дунд өрнөх болов уу гэсэн хүлээлт байгаа. Учир нь энэ Их хурал бол Ардчилсан намын хувьд онцгой төдийгүй түүхэн ач холбогдолтой хурал болох ёстой. Гэвч, наанаа намын шинэчлэл ярьсан Ардчилсан намд цаанаа намын даргын төлөөх зөрчилдөөн өрнөсөөр байна. Гэхдээ Их хурал болтол зай ч байна, лай ч байна. Одоохондоо анир гүмхэн байгаа Ардчилсан намынхныг харахад их тулааны өмнө нам гүм гэдэг үг санаанд буух.
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо 228 гишүүнтэй бөгөөд тус намын дүрмээр жил бүр гуравны нэгд нь ротац явуулах ёстой. Гэтэл сүүлийн таван жил Ардчилсан намд ротац огт хийгдээгүй гэсэн шүүмжлэл багагүй гардаг. Өмнө нь Ардчилсан намын ҮЗХ-г Алтангадасынхан “атгадаг” байсан бол энэ удаад МоАН илүү суудалтай болсон гэх. Гэхдээ энэ бол одоо сонин ч биш чухал ч биш асуудал болсон.
УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээх гол буруутан болсон экс дарга З.Энхболд БНСУ-д хувийн ажлаар явж байгаа тул ҮЗХ-ны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Төрийн ордонд болох ҮЗХ-ны хуралд “Нээлттэй Ардчилсан нам” хөдөлгөөнийхөн оролцох хүсэлтээ намынхаа үүрэг гүйцэтгэгчдэд уламжилжээ. Энэ удаагийн ҮЗХ-ны хурлыг намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат даргална гэсэн мэдээлэл байна. Харин З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар оролцохгүй гэнэ.
УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээх гол буруутан болсон экс дарга З.Энхболд БНСУ-д хувийн ажлаар явж байгаа тул ҮЗХ-ны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Харин Н.Алтанхуяг Монголдоо байгаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөртэй давхцаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласнаар улс төрийн хүрээний анхааралд орж ирсэн. Гэхдээ өнөөдрийн ҮЗХ-ны хуралд оролцохгүй гэж намынхан нь хэлж байна. Нэг үе Ардчилсан намын зүг чиг болж явсан Алтангадасынхан дотроо хэд хуваагдсанаар тус фракцийн намдаа эзлэх байр суурь хэдийнэ ганхах болсон.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт ҮЗХ-ны хуралдаа суухгүй байгаа шалтгаан нь тэрбээр улс төрөөс түр завсарлага аваад байгаа аж. Түүний хувьд боловсролоо дээшлүүлж, эрдэм номын мөр хөөхөөр Америк руу явжээ. Намын нөхдийнх нь хэлж байгаагаар Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа юм байна.
Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн л гадагшаа хувийн шугамаар явжээ.
Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн л гадагшаа хувийн шугамаар явжээ. Саяхан хууль зүйн байнгын хорооны хурал дээр МАН-ынханд “байцаагдсан”-ыг эс тооцвол тэрбээр улс төрөөс мөн л хол хөндий, сонгуулиас хойш намын байраараа ч бараг үзэгдэхгүй байгаа гэнэ.
МоАХ-ны тэргүүн Х.Баттулгын хувьд сонгуулиас хойш бас намынхаа байраар орж гарахаа больсон гэж намынхан нь хэлж байна. Түүний хувьд намын шинэчлэлийн талаар ямар ч үг дуугарахгүй байгаа бөгөөд ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнээс дуулдах болсон. Тэрбээр тодорхой шалтгаан хэлээгүй ч, эх сурвалжийн хэлж байгаагаар энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаа оролцохгүй нь бололтой.
МоАХ-ны тэргүүн Х.Баттулгын хувьд сонгуулиас хойш бас намынхаа байраар орж гарахаа больсон гэж намынхан нь хэлж байна.
Эдийн засгийн хөгжлийн экс сайд Н.Батбаяр намынхаа шинэчлэл дээр ажиллаж байгаа аж. Тиймээс өнөөдрийн ҮЗХ-ны хуралд оролцож, дүрмийн өөрчлөлтөөр санал бодлоо илэрхийлнэ гэдгээ хэлж байна. Түүний хувьд ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурал Ардчилсан намын хувьд ч, Монголын улс төрийн бодлогод ч онцгой, түүхэн болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байгаа юм. Түүнчлэн саяхан татан буугдсанаа зарласан “Нэг-Ардчилал”-ынхан буюу Х.Тэмүүжин, М.Батчимэг, Б.Пүрэвдорж нар ҮЗХ-ны хуралдаа идэвхтэй оролцох болов уу гэсэн хүлээлт бий. Мөн Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ хэвлэлээр зарласан Д.Эрдэнэбат, П.Цагаан, Л.Гантөмөр, Л.Болд Ж.Батзандан нар ҮЗХ-ны хуралдаа оролцох нь тодорхой биз.
Ийнхүү Их хурлын өмнө хуралдахаар товлосон ҮЗХ-ны хурал өмнөх шигээ олны анхаарлыг татахгүй байгаа ч Ардчилсан намын Их хурлын өмнөх ҮЗХ-ны хурал учраас ямар шийдвэр гаргахыг тус намын гишүүд, дэмжигчид анхааралтай ажиглаж байна.
Ж.ЭРХЭС