Хятадууд энэ жил Сун Ятсений 150 жилийн ойг албан ёсоор тэмдэглэж байна. Сун Ят Сен нь Тайванийн Гоминдань намыг үүсгэн байгуулагч, 1911 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч байсан. Түүний үйл хэргийг үргэлжлүүлэгч гэж тооцогддог Чан Кайши Тайванийн арал руу 1949 онд дүрвэн гарсан бөгөөд 1949 онд байгуулагдсан өнөөгийн БНХАУ-ын удирдлага тайванийн хятадуудыг хэзээ ч тусгаар улс гэж зөвшөөрөөгүй. Хэдийгээр 1940 онд Сун Ятсенийг “Үндэсний эцэг” хэмээн өргөмжилсөн ч энэ өргөмжлөлөөр Тайванийн хятадууд илүүтэй бахархаж ирсэн.
Сун Ятсэн 1866 оны арваннэгдүгээр сарын 12-нд одоогийн Гуандун мужийн Жуншань, тэр үеийн Сяншань тосгоны Цуйхэнд төрсөн. Эцэг эхээс өгсөн нэр нь Вэнь. Гэр бүл нь бага хэмжээний газар тариалан эрхэлж, цөөн малтай ядуувтар өрхөд тооцогдож байлаа. Ууган ах Сун Мэй нь амьдрал хөөн Хавайн арлууд руу очиж, газар тариалан, худалдаа эрхэлж байв. 12 нас хүрээд Ятсен Хавай руу ах дээрээ очсон бөгөөд ах нь түүнийг Хонолулуд христийнхний эзэмшдэг сургуульд оруулжээ.
Сургуулийн хичээл англи хэл дээр явагддаг байжээ. Англи хэлний А үсэггүй очсон Ятсен төдөлгүй шилдэг сурагч болж, Хавайн арлуудын хаан нэгдүгээр Калакауагаас шагнал хүртэж хүртжээ. Сургуулиа 17 насандаа амжилттай төгссөн Ятсен үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байсан ч христид бүрмөсөн орж магадгүй гэж айсан ах нь нутаг руу нь буцаажээ. Төрсөн тосгондоо ирээд тэндхийн ядуу амьдралыг хараад ирэд гутарчээ. Тиймээс хүүхэд насны найз Лю Хаодуний хамтаар гэрээсээ оргож Хонконгод ирлээ. Хонконгод мөн христийн коллежид үргэлжлүүлэн сурч, улмаар Гуанжоугийн анагаахын сургууль, дараа нь Хонконгийн анагаахын Их сургуульд дэвшин суралцав. Ингээд 1892 онд шилдэг дүнтэйгээр Их сургуулиа төгслөө. Их сургуульд сурч байсан Ян Хаолин, Чэнь Шаобо, Ю Шаован нарын хамтаар “Дөрвөн дээрэмчин”-ий бүлэг хэмээн байгуулж, найзууд тухайн үеийн Хятадын улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцаж, хятадуудын үзэн ядах болсон манж Чин гүрнийг хэрхэн унагах талаар ярьдаг байжээ. Залуу байхдаа Ятсен нийгмийг тайван замаар өөрчилж болно гэж боддог байсан ч сүүлдээ үзэл бодол нь өөрчлөгдөж хувьсгал хийх нь зөв гэх болжээ.
Сун Ятсен 1911 оны аравдугаар сард Хятадын сүүлийн эзэнт улс болох Манж Чин Улсыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн. 1912 онд Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдахад анхны түр ерөнхийлөгч болсон. Дараа нь Гоминдан намыг байгуулалцаж анхны дарга нь болж байлаа. Сун эзэнт улсаас хойших Хятад улсыг нэгтгэгч зүтгэлтэн байсан бөгөөд эх газрын Хятад болон Тайваньд хоёуланд нь ихэд шүтэгддэгээрээ XX зууны Хятадын улстөрчид дундаа өвөрмөц юм.
Түүнийг орчин үеийн Хятадын хамгийн аугаа удирдагчийн нэг гэж тооцдог боловч түүний улс төрийн амьдрал нь байнгын тэмцэл зөрчил, дүрвэлт дунд өнгөрсөн юм. Хувьсгалд амжилт олсны дараа Сун шинэ тулгар Бүгд Найрамдах Хятад Улсын төрийн эрхнээс тун удалгүй бууж, тус улсын ихээхэн хэсгийг хяналтдаа аваад байсан дайтагч бүлгүүдийг эсэргүүцэн хэд хэдэн хувьсгалт засгийн газрыг толгойлжээ. Сун нам нь улс орондоо эрх мэдлээ бэхжүүлэх цагийг үзээгүй юм. Түүний нам коммунистуудтай хэврэг эвслийг байгуулсан бөгөөд түүнийг нас барсны дараа хоёр фракц болон хуваагдсан.
Түүнд зориулсан музей Хонконг, Макао, Сингапур, бас Хавайд бий. Ят Сений 150 насны ойд зориулан таван юанийн зоос гаргаж эргэлтэд оруулах гэж байна. Нийтдээ 300 сая юанийн зоос гаргах юм. Энэ бүхэн нь Хятадын Коммунист нам Сун Яи Сений талаарх үзэл бодлоо өөрчилсөн гэсэн үг.
Сун Ят Сений гол өв нь Ард түмний гурван зарчим хэмээх улс төрийн философи юм. Эхний нь, үндэсний үзэл, тэр дундаа иргэний үндэсний үзэл гэдгийг Ят Сен чухалчилж байв. Иргэний үндэсний үзэл ёсоор таван гол үндэстэн болох хан, монгол, түвд, манж, лалынхны ойлголцол, нэгдлийг чухал гэж үзэж байва. Тиймээс ч 1911-1928 оны Бүгд найрамдах Хятад улсын төрийн далбаа таван өнгөтэй байжээ. Гэхдээ энэ нь манж Чин гүрнийг унагасны дараа байгуулагдах хан үндэстний Бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд бусад дөрвөн үндэстэн багтана гэсэн үг юм. Хоёр дахь зарчим нь одоогийн хэллэгээр ардчилал гэж хэлж болох ард түмний засаглал байлаа. Үндсэн хуульт Хятадад улс төрийн засаглал, төрийн засаглал ноёрхоно гэж Ят Сен үзэж байв. Улс төрийн засаглалын хүрээнд хятадууд барууныхны жишгээр сонгуульд санал өгөх, төлөөлөгчөө сонгох эрхтэй байж, сонгуулийн зарчмаар удирдах дээд байгууллагыг сонгоно. Төрийн засаглалын хүрээнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал байна гэж үзэж байва. Гурав дахь зарчим нь ард иргэдийн хангалуун амьдрал байлаа. Ят Сен эдийн засгийн хувьсгал хийж, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байва. Түүний үзэж байснаар Хятадын төр иргэдээ хоол хүнс, хувцас, орон байр, тээврээр хангах ёстой үзэж байва. Зарим хүн Ят Сений гурав дахь зарчмыг социализм гэж нэрлэдэг.
Сун Ятсен насан туршдаа улс үндэстнээ нэгтгэх бодлоос ухарч байгаагүй. Сун Ятсен элэгний хорт хавдраар 1925 оны гуравдугаар сарын 12-нд Бээжинд тэнгэрт хальсан. Түүнийг өөрийнх гэрээслэлээр Нанкин хотод бунхлан оршуулсан.
Бэлтгэсэн А.ШАРАВ