Сэлэнгэ аймгийн ИТХ-ын III хуралдаан11-р сарын 16-ны өдөр болж 89 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Байгалийн ургамал ашигласаны хэмжээг шинэчлэн тогтоох тухай төслийг тус бүр хэлэлцлээ. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдыг ахиулах, хүрсэн үр дүнг бататган хөгжлийн шинэ ололт, амжилтуудаар баяжуулахыг зорьж боловсруулсан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол Ардын нам, Ардчилсан нам, МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Сэлэнгэ аймгийн 2007-2021 оны хөгжлийн хөтөлбөр, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн санал, харьяа газар, хэлтэс,албад,сумдын Засаг даргын Тамгын газруудын санал, Нийслэл хот, Орхон, Булган, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Өмнөговь аймгуудын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг харьцуулсан санаа, аймагт үйл ажиллагаа явууж буй томоохон аж ахуйн нэгжүүд, иргэд, хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн саналуудыг судлан нэгтгэж нягталж тооцон боловсруулснаа аймгийн Засаг дарга Ш.Оргил тодотгон танилцууллаа. “ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР ЭХ НУТГАА ХӨГЖҮҮЛЬЕ” эрхэм зорилгын дор, ”Тогтвортой эдийн засаг, орон нутгийн хөгжлийн бодлого”, ”Хүн амын хөгжил-Нийгмийн бодлого”, “Иргэдийн оролцоо-Ил тод хариуцлагатай засаглалын бодлого” гэсэн 3 үндсэн бүлэг, 13 дэд бүлгийн 197 зорилт, 521 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулагдсан хөтөлбөрийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 86, МАН, АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс 77, аймгийг 2021 хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөөс 42 зорилт, сум, хэлтэс агентлаг, ажлын хэсгийн 97, Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 23 саналыг тус тус тусгасан байв. Энэ удаагийн хөтөлбөр нь хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэйгээр боловсруулагдсанаараа онцлог байлаа. Хурлаар Аймгийн ИТХ-ын бодлогын хороодоос гаргасан саналыг төлөвлөгөөнд нэмж тусгахаар боллоо. Төлөөлөгчид энэхүү хөтөлбөрт бусад намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусгасныг онцгойлон сайшааж байв. Ийнхүү төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдлаа.
Мөн хурлаар байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ.
Эх сурвалж: selenge.gov.mn