Ойрын өдрүүдэд цочир хүйтэрч, -47 хүрэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Үүнтэй холбогдуулж сургууль, цэцэрлэгийг түр хугацаагаар амраах асуудал хөндөгдөж, хүмүүсийн олонх нь дэмжсэн хариу өгч байгаа юм. Гэвч салбарын яам энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Хэрвээ шаардлага тулгарвал хуульд заасны дагуу ажиллана гэдгээ БСШУС-ын сайд Ж.Батсуурь онцолжээ. Гэнэт цочир хүйтэрч, -40 хэмээс хэтэрсэн гэлээ ч салбарын сайд дур мэдэн шийдвэр гаргах хууль эрхзүйн үндэсгүй ажээ. “Гагцхүү ОБЕГ-аас шаардлагатай гэж үзээд албан тоот хүргүүлсэн тохиолдолд яамнаас шийдвэр гарна. Одоогоор өөрчлөлт орох асуудал хөндөгдөөгүй байна” гэсэн мэдээллийг яамныхан өглөө.
Сурагчдын хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай хуулийн 15.З-т “Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” хэмээн заасан байдаг аж.
Хэдийгээр цаг агаар таагүй байгаа ч орон нутагт гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй. Нийслэлд 24 сургууль гурван ээлжээр хичээллэдэг хэдий ч эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүүхдүүдээ анхаарлаа хандуулах хэрэгтэйг мөн тодотгож байлаа.
Д.ЦЭЭНЭ