Хөдөөгийн малчинд мэлмий бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Хөдөөгийн малчинд мэлмий бэлэглэв

Олон улсын “Пасифик энжил-2011” эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна. Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Нэгдсэн эмнэлгийн  нүд, чих, хамар хоолойн тасагт Монгол Америкийн эмч нар хамтран нүдний салстын ургалтаас үүдэж харах талбай багассан өвчтөнд нүдний салст шилжүүлэх мэс засал хийлээ. Хагалгааг Зэвсэгт хүчний Клиникийн төв эмнэлгийн эмч Б.Элбэгжаргал, АНУ-ын эмч хошууч Рожер Андерсон, Жейн Субански, нүдний техникч түрүүч Жасон Вестфол, эмч Н.Орхончимэг нар амжилттай гүйцэтгэв.

Манайд нүдний мэс засал хийлгэх хүмүүс нэлээд байсан. Америк эмч нарын ажиллах хугацаа хязгаартай болохоор зайлшгүй шаардлагатай гэж үзсэн 25 хүнийг сонгож авсан. Америк эмч нар нарийн багаж хэрэгслээр өвчтөн тус бүрийг нарийвчлан үзээд 22 хүний нүдний болорыг  шинэчлэх болон шинээр суулгахаар шийдвэрлэсэн гэж Н.Орхончимэг эмч өгүүлсэн.

Нүдний мэс засал нарийн чимхлүүр ажилбар аж. Америк эмч нар хагалгаа хийх бэлтгэлийг цаг гаруй хангаж бүх зүйл бэлэн болохоор ажилдаа орлоо. Манай эмч нар нөхцөл байдалдаа тохируулан хийдэг мэс заслыг тэд өчүүхэн нэг л зүйл дутуу бол “уучраарай, боломж алга” гэж хэлэх нь хангамж сайтай, стандарт гэдэг улаан шугмыг хатуу баримтладаг хүмүүс гэдгээ харуулж байх шиг санагдсан. Жейн үс шиг нарийн зүү, багаж хэрэгслээр хээ угалз хатгах мэт уян хөдөлгөөнөөр цаг шахуу үргэлжилсэн хагалгааг чадварлаг гүйцэтгэлээ.

Хагалгааны дараа эмчлүүлэгч Ш.Мөнхцогтой уулзлаа. Тэрээр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин, нүдний хараа муудаж, бүрэлзээд болдоггүй. Ачтай америк эмч нартай таарч хоёр нүдэндээ эмчилгээ хийлгэлээ. Зовиургүй сайхан хагалгаа хийсэн америк эмч нартаа талархал илэрхийлье гэж ярилаа.

Хавай дахь армийн эмнэлгийн төвийн эмч хошууч Андерсон “Бид Монголд ирж, иргэдийн эрүүл мэндэд тусламж үзүүлж байгаадаа туйлын баяртай байна. Монгол эмч нар Элбэгжаргал, Орхончимэг нарын ур чадвар биднээс илүү байгаад бахархаж байна. Монгол орон бидэнд таалагдсан, боломж олдвол дуртай эргэж ирэх болно” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Монгол Америк эмч нарын сэтгэл, зүтгэл шингэсэн алтан гар эрүүлийг хүссэн олон хүнд ач буян түгээж байна.

Г.Нямдорж
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж