-Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд Монголд нууцаар айлчлах гэж байна хэмээн Монголын бурхан шашинтны шинэ төвөөс мэдээллээ-
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам энэ сарын 18-наас 22-ныг хүртэл айлчлал хийж, Монголд ирэх талаар Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж өнөөдөр /2016.11.17/ Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
“Их хүрээ” хийдийн хамба, номун хан З.Санждорж хурлын эхэнд айлчлалын хөтөлбөрөөс танилцуулсан бөгөөд айлчлалын үеэр Дээрхийн гэгээнтэн Далай лам төрийн өндөрлөгүүд байрладаг “Их тэнгэр”-т байрлана гэлээ. Мөн Далай лам айлчлалынхаа үеэр Соёлын төв өргөө, Бөхийн өргөөнд сүсэгтэн олноо номын айлтгалаа хүртээх юм байна.
Тэрбээр хэлэхдээ “Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр шарын шашны лүүжин ерөөлийг хурж байгаа. Энэ нь таалал төгссөн Есдүгээр богдын дайчдын хурал бөгөөд энэ хуралд Далай лам даган баясч, оролцоно. Далай лам айлчлалаараа аравдугаар богдыг тодруулах ажлыг гардан зохион байгуулах гэж байна. Мөн Далай ламыг Японоос хуучин Гандантэгчэнлин хийдийн дэд хамба асан, ханд сүр лам Ё.Амгалан угтан авч, Монголд ирэх талаар дуулгасан юм.
Хамба З.Санждорж Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтан манай улсын шашны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, 20-иод хутагт хувилгаадыг тодруулсан. Гэтэл манай хуулинд хутагт хувилгаадыг тодруулахыг хориглосон. Үүгээр барахгүй “Шүгдэнгийнхэн”, “Далай ламынхан” гэсэн хоёр эсрэг тэсрэг хүчин бий болж, нэгийг нь магтаж, нөгөөг нь муулж байдаг боллоо. Үүгээр зогсохгүй манай Чингис хааны алтан ургийн залгамж хойч үе болох шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын маань ес дэх дүрийг Монголоос хэн ч хүсээгүй байхад өөрийнхөө хамаатан болох хүнийг өргөмжилсөн. Наймдугаар Богдоос өөд болсноос хойш 60 жилийн дараа ёсдүгээр Богдыг тодруулсны дараагаар энэ богдын хойд дүрийг дахин Монголд тодруулахаар маргааш ирэх гэж байгаад хувь хүнийхээ үүднээс зөвшөөрөхгүй байна” гэв.
Тэрбээр би Монгол хүн. Монголын төлөө цохилох зүрхтэй учраас нийтэд хэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт манай улсын хоёр хөрш болох ОХУ, БНХАУ хоёулаа Далай ламыг зөвшөөрөхгүй байгаа. Ийм байхад улс төрийн ойлголтгүйгээр мухар сүсэг, нэг хүнийг тахин шүтэх үзлээр Далай ламыг залах гэж байгаа нь туйлын харамсалтай байна хэмээн хэлэв.
“Бурхан шашны хийд оронд тавих шаардлага”-ын 4.7-д “Хийд орны шашин номын үйл хэргийг удирдан явуулах гэлэн санваартан хүнийг хамба лам гэнэ” гэсэн байдаг. Гэлэн хүн 253 зүйлийг сахидаг. Хэрэв эхнэр хүүхэдтэй бол хамба байж болохгүй. Далай лам 2006 онд Монголд ирэхдээ 50 орчим хүнд гэлэн сахил өгсөн. Одоо хэд байна. Зарим гэлэн нь боогоод үхчихсэн байна. Гэтэл хамба лам Д.Чойжамц өөртөө тааруулж стандарт хийж болох уу. Монголд ганцхан эхнэргүй лам нь Д.Чойжамц байгаа гэж ярилаа.
Тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултад ийн хариуллаа.
-Далай лам маргааш Монголд ирнэ гэж байна. Таны хувьд Далай лам ирэх үеэр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн ямар нэгэн эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх үү?
-Би бол лам хүн учраас тэгж бужигнуулах сонирхол байхгүй. Мэдээж Монгол Улс маань хууль дүрэмтэй, засаг төртэй учраас мэдээд л залж байгаа байх. Монголд Далай лам айлчилснаар ямар хэрэгтэй юм бэ. Мөн цаг үеэ олоогүй айлчлал болж байна. Маргааш нөгөөдөр 40 гаруй хэм хүрч хүйтэрнэ гэж байхад шашны тэргүүнийг нууц далдаар, яаран сандран авчрах нь юуных вэ. Тэр том хүн зуны дулаан цагт Монголд ирж болно шүү дээ. Заавал яаруу сандруу, өвлийн хүйтнээр ирдэг нь ямар учиртай юм.
-Далай ламын нууц айлчлалын талаар олон нийтэд дэлгэлээ. Хувь хүний үүднээс эсэргүүцлээ илэрхийлж байна уу?
-Энэ айлчлалын талаар их нууцалж байгаа. Манайх бол бурхан шашинтны шинэ төв. Төвийн маань дүрэмд “Сүсэгтэн олныхоо эрх ашгийг дээдэлнэ” гэсэн байдаг. Тэгэхээр сүсэгтэн олны эрх ашгаас нуугаад, сүсэгтэн олны хүсэлтээр ирнэ гээд байгааг ард түмэндээ мэдээлэх хэрэгтэй учраас ил гаргаж байна. Ард түмэн үүнийг сонсох ёстой. Үүнийг нуугаад яах юм бэ. Энийг нуугаад байх хэрэггүй байх.
-Та өмнө бас ийм мэдээлэл хийж байсан. Таныг Далай ламыг эсэргүүцэгч гэдэг. Таныг энэ мэдээлэлтэй холбоотойгоор холбогдох байгууллагаас нь шалгадаг уу?
-Намайг байнга шалгадаг. Сүүлийн 10 жил шалгаж байна. Монголд анх 2006 онд Далай лам ирээд монгол орны бүх хүрээ хийдүүдийн жаяг таац зохиосон юм. Тэр үеэс эхлэн энэ зөрчил илэрсэн. Би нуухгүй. Одоо 10 жил тэвчлээ. Ард түмэн мэдэх хэрэгтэй. Би олон удаа хэлмэгдсэн. Тагнуулынхан одоо ч миний утсыг чагнаж байгаа. Гэхдээ надад нуух юм байхгүй учраас ард түмэн байхад би айхгүй. Би олон саадыг даваад гарсан учраас зоригтой үзэл бодлоо илэрхийлж байна. Сумоч М.Даваажаргал Монголын сүсэгтний холбооны ерөнхийлөгч. Монголын сүсэгтний холбооны тэргүүнээр бидэнд хэлэхгүйгээр Японы иргэн хүнийг шууд томилж болдог юм уу. Манай монголчуудын хаашаа харж, яаж суухыг Далай лам жаягийн дагуу шийддэг нь ямар учиртай юм бэ. Бид өөрсдөө бурхан шашныхаа дүрмийг гаргаж болохгүй байгаа юм уу. Надад энэ мэт Далай ламтай холбоотой маш олон баримт байгаа. Энэ талаар олон удаа мэдээлж байсан. Төвд лам нар Монголд амьдарч, хэрхэн айлын залуу охидуудыг ашиглаж байгаа тухай бичлэгүүд байна. Даанч бичлэгийг цацах боломжгүй гэв.