Гадаад, дотоодын жуулчид, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, бэлэг дурсгалын зүйлийн нэр төрлийг олшруулах, орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүнтэй болох болзолт уралдааныг аймгийн хэмжээнд зарласан.
Болзолт уралдааныг 3 сарын хугацаатай зохион байгуулж брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулжээ. Ингэхдээ холбогдох ажлын хэсэг шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэхээс гадна иргэдийн саналыг авсан байна. Брэнд бүтээгдэхүүний шалгаруулалтад хүнс, ноос ноолуур, нэхмэл бүтээгдэхүүн, арьс шир, зэс бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхэлж буй 19 иргэн, ААНБ 30 гаруй нэрийн бүтээгдэхүүнээр оролцжээ.
Үүнээс 5 бүтээгдэхүүнийг шалгаруулсан байна. Үүнд: гар урлал бэлэг дурсгалын брэнд бүтээгдэхүүний төрөлд иргэн С.Түмэнбаярын зэсээр урласан аяга, Натурал текстайл ХХК-ийн түүхэн дурсгалт хивсэн бүтээгдэхүүн, хүнсний брэнд бүтээгдэхүүний төрөлд Эрдмийт ХХК-ийн адууны утсан кита, годон, Цагаан итгэлт ХХК-ийн жигнэмгийн цуглуулга, Бэлгийн багцийн төрөлд ширмэг цүнх ХХК-ийн арьсан бүтээгдэхүүний цомог тус тус шалгарчээ.
Шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, ХЭАХН-ийн “Хэрэглэгчдэд таашаагдсан – БҮТЭЭГДЭХҮҮН” хүндэт өргөмжлөл олгосон бөгөөд Эрдэнэт брэнд гэсэн логог шалгарсан бүтээгдэхүүнд олгох юм байна. Мөн орон нутгийн брэнд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Эрдэнэтэд үйлдвэрлэв худалдааны төвд борлуулах юм байна.
Эх сурвалж: erdenetinfo.mn