УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд, О.Батбилэгийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр томилохыг гишүүдийн 88.2 хувийн саналаар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Баярдалайг томилохыг гишүүдийн 86.5 хувийн саналаар, Л.Энхтайваныг орон тооны бус гишүүнээр улираан томилохыг 81.5 хувийн саналаар, Б.Батхишигийг орон тооны бус гишүүнээр томилохыг 84.6 хувийн саналаар тус, тус дэмжин баталлаа.
Томилгоог батлахын өмнө УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: “Томилогдож байгаа хүмүүсийг дэмжиж байна. Эрдмийн ажил хийж байсан хүмүүс нэлээн томилогдож байна. Ийм хүмүүс ном яриад байдаг, амьдралыг хардаггүй согог бий шүү. Номлоод байдаг, номлол нь амдралтай нийцдэггүй. Үүнийгээ анхаараарай.
Эдийн засгийн байдал онцгүй, төгрөгийн ханш тогтвортой биш байгаа нөхцөлд эдийн засгийн байгууллагууд хамтран, шуурхай ажиллах хэрэгтэй болоод байна.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг юм хэдэн удаа хуралдав гээд асуутал хоёрхон удаа гэж хариуллаа. Уг зөвлөлд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос төлөөлөл орсон. Эдийн засгийн байдал ийм хүндрэлтэй байхад хоёрхон удаа хуралдсан гэдгийг нь сонсоод сэтгэл дундуур байна. Аудитыг оруулаад эдийн засгийн байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж эрчимтэй ажиллах шаардлагатай. Ингэж ажиллаж чадвал эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдаад байгаа.
Долларын ханшийг яах вэ гээд бүтэн дөрөв, таван сар боллоо. Нэгдсэн нэг шийдэл байдаггүй, хугацаа алдаад байдаг. Санхүүгийн зохицуулах хороо нь энэ тал дээр ямр байр суурьтай байгаа юм, Санхүүгийн зөвлөл нь юу гэж үзэж байгаа юм, нэгдсэн бодлого байдаггүй. Тарангид л өөр, өөр дугуйгаар өнхрөөд байна” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Засгийн газар өөрчлөгдөхөөр хамгийн түрүүнд банк, санхүүгийн байгууллагатай холбогдох төрийн байгууллагын бүтэц рүүгээ довтолдог. Өмнө томилогдсон гишүүдийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад томилж байгаа л гэж найдлаа. Санхүүгийн зохицуулах хороо амар ажил биш. Монгол Улсын санхүү эдийн засгийн бодлогыг тодорхойлдог, байнгын дарамт шахалтад байдаг байгууллага. Та нар дарамтлуулах гэж очиж байгаа шүү гэдгээ сайн ойлгоорой.
Эдийн зсгийн нөхцөл байдал маш хүнд байгаа. Банк бус санхүүгийн байгууллага танайд харьяалагддаг. Ломбардыг Монголбанк ч, Санхүүгийн зохицуулах хороо ч хяналтдаа авч чадаагүй. Хууль эрх зүйн орчноо тодорхой болгож, тодорхой хувийг хяналтдаа ав. Өнөөдрийг хүртэл ойлгомжгүй явлаа.
Санхүүгийн зохицуулах хороо өөрөө санаачилгатай байхгүй бол Монголбанкны дагавар хүүхэд шиг ажилладаг. Эрлийз саармаг, юу хийх гээд байгаа нь тодорхойгүй харагддаг. Өнгөрсөн парламентын үед үнэт цаасны тухай хуулийг баталсан. Хуулиа амьдралдаа хэрэгжүүл. Газрын бирж байгуулна, уул уурхайн бирж ажиллуулна гэсэн байхгүй. Шинээр томилогдож байгаа 2-3 гишүүн байна санаачилгатай ажиллаарай” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “О.Батбилэг Хөгжлийн банкны эрсдлийн шинжээчээр ажиллажээ. Сайн ажилласан гэж үзээд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр нэр дэвшүүлсэн юм уу. Монголын хөрөнгийн биржийг хувьчлах асуудалд ямар байр суурьтай байна вэ” гэсэн асуултад нэр дэвшигч О.Батбилэг “Хөрөнгийн биржид төрийн оролцоо ямар нэг хэлбэрээр байдаг. Хяналтын багцийг нь төрдөө авч үлдээд үлдсэнийг нь мэргэжлийн шаардлага тавьж хувьчлах нь зөв болов уу” хэмээн хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: Санхүүгийн зохицуулах хорооны нэг ч гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн юм байхгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Б.Батхишигийн асуудлыг хойшлуулаад бусдыг нь баталъя. Авлигатай тэмцэх газар болон УИХ-ын баримт бичгийн үнэн зөвийг шалгах ажлын хэсгэх гаргах шаардлага байна. Яагаад гэвэл Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн саналд Б.Батхишигийг эксперт буюу шинжээч, нөгөөд нь худалдаа хийдэг гэсэн. Энийг тодруулах шаардлагатай.
УИХ-ын дарга М.Энхболд: Орон тооны бус гишүүнээр ажиллах бол компанийн ажлаа өгчихөд зөрчил нь арилаад явчих юм байна гэж АТГ-аас ирүүлсэн бичгээс нь ойлгосон. Миний нэр дээр ирүүлсэн бичигт ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ гэсэн юм байгаагүй.
УИХ-ын гишүүдийн олонхи тухайн нэр дэвшигчийн асуудлыг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Мөн хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс Х.Бум-Эрдэнэ, Д.Ганбаяр, Д.Ганбат нарыг чөлөөллөө.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаад байна. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.
Мөн одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт УИХ, Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахаар боллоо.
Г.ДАРЬ