Б.Түвдэндорж аваргад хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.18-нд нийтлэгдсэн

Б.Түвдэндорж аваргад хүндэтгэл үзүүлнэ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 19, 20-нд хоёр барилдаан зохион байгуулна.

Эхнийх нь Бямба гаригийн 14.00 цагаас болох Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан. Харин хоёр дахь нь Ням гаригийн 14.00 цагаас эхлэх Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн хүндэтгэлийн барилдаан.

Булган аймгийн нутгийн зөвлөлөөс Дархан аваргын ойн хүндэтгэлийн барилдааныг зохион байгуулах бөгөөд булганчууд аваргын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний төрсөн нутаг болох Булган аймгийн Хангал суманд хөшөө босгожээ. Мөн түүний дурсгалд зориулж “Эргэл хайрханы домогт хүчтэн” ном бүтээсэн байна. “Домогт аварга Б.Түвдэндорж” гар зургийн уралдаан, “Эргэл хайрханы домогт хүчтэн” эссэ бичлэгийн уралдаан, “Б.Түвдэндорж ба Үндэсний бөх” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зэрэг ойд чиглэсэн цөөнгүй ажлыг Булган аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан, хэрэгжүүлж байгаа юм.

Далай даян даяар дуурсагдах дархан аварга Б.Түвдэндорж нь Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал сумын харьяат хүн билээ. Тэрбээр 1960 онд БНМАУ-ын үндэсний бөхийн ууган Гавьяат мастер цол хүртсэн бөх.

Б.Түвдэндорж аварга 1930 онд нутгийнхаа Эргэл овооны наадамд анх зодоглон түрүүлж бөх болох гараагаа эхэлж байжээ. 1939 оны улсын наадамд М.Лхагва арслангаар ес даван түрүүлж, цолгүй бөхөөс шууд улсын арслан цол хүртэж байсан бол 1941 онд Ө.Өлзийсайхан арслангаар ес даван түрүүлж, аварга цол, 1945 онд Ж.Цэвээнравдан заанаар мөн ес даван түрүүлж, даян аварга, 1946 онд Ц.Чимэд-Очир арслангаар 10 даван түрүүлж, дархан аварга цол хүртсэн.

Нэгэн үеийн домогт аварга Б.Түвдэндорж нь 1952, 1953, 1954 онд түрүүлж, 1944,1951 онд үзүүрлэж, 1957, 1958 онд долоо, 1948,1956 онд зургаа, 1940, 1955,1959,1967 онд тав давсан үнэн хүчтэн. Тэрбээр нохой мордох мэх хийхийг цээрлэдэг, атаа жөтөө, уур унтуунаас цэрвэж явдаг, даруу төлөв зантай нэгэн байсан гэдэг.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж