Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэж, "Зулын гол болно" хэмээн мэдэгджээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 19-нд болох Монголын чөлөөт бөхийн холбооны Их хурал болох өдөр тэмцлийн энэхүү хүнд хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх болно гэв.
Монголын нэрт тамирчин, дасгалжуулагч ийм шийдвэр гаргасан нь чөлөөт бөх сонирхогчдыг цочирдуулсан мэдээ байлаа. Дасгалжуулагч Ц.Цогтбаяртай олон нийтэд тарсан мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар холбогдлоо.
Ц.ЦОГТБАЯР
-"Хүн сонсоход айж цочихоор үйлдэл хэдий ч надад үүнээс өөр арга үлдсэнгүй. Намайг, шигшээ багт ажиллаж байсан дасгалжуулагчдыг Монголын чөлөөт бөхийн холбооны Их хуралд оролцуулахгүй гэжээ. Би дасгалжуулагчийнхаа хувьд эрхээ хасуулснаар холбооны ажилд оролцож болдоггүй юм байж. Гавьяатынхаа хувиар хуралд суулгаж өгөөч ээ гэж хүссэн. Харамсалтай нь, Монголын чөлөөт бөхийн холбоо үүнийг зөвшөөрсөнгүй. Би эцсээ хүртэл тэмцэнэ. Надад тэмцлийн хурц хэлбэрээс өөр сонголт үлдсэнгүй. Өөр яах юм бэ? Нэг ч удаа би Монголын чөлөөт бөхөд муу зүйл хийж яваагүй. Энэ амьдралаа төрсөн хүүхдүүдээсээ илүү түмний хүүхдийн төлөө зориулж ирсэн. Д.Сумъяабазар, А.Сүхбат нар өнөөдөр яагаад ингэж бидэнд хатуу хандаж байгаа юм бэ. Тэдний төлөө л бид явж, тамирчных нь хувьд зааж сургаж, ахын ёсоор хайрлаж ирсэн. Би амь нас болон өөрийн бусдад харагдах байдал, өөрийн нэр төр унахаас үл хамааран, эсэргүүцлээ илэрхийлнэ. Чөлөөт бөх гэж амь, амьдралаа зориулж ирсэн энэ спортын төлөө надад үнэхээр өөрөөр үзэл бодлоо илэрхийлэх боломж үлдээсэнгүй, манай энэ залуучууд. Өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэх гэж байгаа юм бол тэр дөрвөн жилд шигшээ багт ажилласан дасгалжуулагч, тамирчид нь яагаад холбооныхоо хуралд оролцож болохгүй байгаа юм бэ…?
Би амь нас болон өөрийн бусдад харагдах байдал, өөрийн нэр төр унахаас үл хамааран, эсэргүүцлээ илэрхийлнэ.
Спортын шударга үнэн, нээлттэй зарчмаар явах ёстой хурлыг бүлэглэн, хуйвалдсан хэсэг хүмүүс Төрийн ордонд, төрийн хамгаалалтад хийдэг болчихсон юм уу. Улс төр, спорт хоёр дэндүү холилдоод байгаа юм биш үү. Дарга нар нь Төрийн ордонд хуралддаг юм байгаа биз, хуралдаа оролцох боломжгүй тамирчин, дасгалжуулагчид бид Төрийн ордны гадна жагсана" гэлээ.
2012-2016 оны хугацаанд Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиласан Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нар Рио-2016 олимпийн наадмын үеэр тамирчин Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны шүүлтийг эсэргүүцэж, дэвжээн дээр хувцсаа тайлсны улмаас Монголын чөлөөт бөхийн холбоо болон Бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос гурван жилийн хугацаанд дасгалжуулагчаар ажиллах эрхээ хасуулсан билээ.
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ /ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ/-Д ХЭН ОРОЛЦОХ ЭРХТЭЙ ВЭ?
Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс Өргөтгөсөн хурал хэмээн нэрлэж буй тус хуралд 2016 оны арваннэгдүгээр сарын 19-нд ТӨРИЙН ОРДОН-д болох ажээ. Хурлаас ирэх дөрвөн жилд холбоог удирдах ерөнхийлөгчийг сонгоно.
Тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч нь холбооны тавьсан шаардлагын дагуу ерөнхийлөгчид нэр дэвшигчид арваннэгдүгээр сарын 16-ны дотор холбооны цахим шуудангаар юм уу биечлэн очиж бүртгүүлнэ гэж заажээ.
Нэр дэвшигч нь:
- Нийгэмд тодорхой нэр хүндтэй
- Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх эрмэлзэлтэй
- Гадаад хэлний мэдлэгтэй
- Санхүүжилттэй холбоотой харилцааг зохицуулах чадвартай
- Баг хамт олныг бодлогын түвшинд удирдан зохион байгуулах чадвартай
- Монгол Улсын иргэн байна хэмээн бүртгэлийн журамд заажээ.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус хуралд:
- Холбооны ерөнхийлөгч
- Хүндэт ерөнхийлөгч
- Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид,
- Зөвлөлүүдийн гишүүд
- Холбооны аппарат
- Гавьяат дасгалжуулагч
- Гавьяат тамирчид төлөөлөгчөөр оролцдог.
Түүнчлэн,
- Аймаг тус бүрээс нэг төлөөлөгч
- Спорт хороод
- Нийслэл, дүүргийн спорт хороо
- Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо
- Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль
- Чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль
- Биеийн тамирын их дээд сургууль
- Оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс нэг хүн төлөөлөгчөөр оролцох юм байна.
Өдгөө тус холбооны ерөнхийлөгчөөр Асашёорюү Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн даргаар О.Баянмөнх ажиллаж байгаа билээ.
Б.БАДМАА