“Оюутолгой” ХХК Өмнөговь аймаг, Ханбогд болон бусад сумын хамтран байгуулсан “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас санхүүжүүлсэн Баян-Овоо сумын эмнэлэг өнөөдөр /2016.11.18/ нээлтээ хийжээ. Эмнэлгийг Өмнөговь аймгийн “Суварган говь” компани барьсан бөгөөд 10 ортой, хоёр давхар эмнэлэгт 18 эмч, сувилагч, асрагч ажиллах юм байна.
Эмнэлгийн нээлтийн ёслолд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал, Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Ц.Энх-Амгалан, Засаг дарга О.Мандахбаяр, “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонс, Орон нутгийн харилцаа хариуцсан ерөнхий менежер Ш.Байгалмаа болон иргэдийн төлөөлөл оролцжээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар эмнэлэг нээх үеэрээ Оюутолгой компани Баян-Овоо сумын иргэдийн эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийлээ хэмээн үнэлжээ. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал “Баян-Овоо сум маань нийт 1,700 гаруй хүн амтай, 10 ортой 400 м.кв. талбайтай шинэ эмнэлгийн барилга ашиглалтанд орж, төвлөрсөн цэвэр бохир усны шугамтай, халдвар, төрөх, хагалгааны өрөөнүүд нь стандартын шаардлага хангасан эмнэлэгтэй болсонд баяртай байна” гэсэн юм.
Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас өмнө нь Даланзадгад сумын 25, 26 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг олгож байжээ.
Д.ЦЭЭЛ