Монголын волейболын холбооны “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч даваа гаригт “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлсэн билээ. Энэ сарын 27-ны өдрийг хүртэл явагдах Цомын АШТ-ий нээлтийн ажиллагаа өчигдөр болсон. Уг тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 5 баг өрсөлдөж байгаа бөгөөд хоёр тойргийн тоглолтын нийлбэр дүнгээр шилдэг дөрвөн баг хагас шигшээд өрсөлдөх эрхээ авна.
"ЦОМ"-ын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд МВХ-ны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар, дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, Удирдах Зөвлөлийн тэргүүлэгчид С.Цолмон, Т.Алтансүх, С.Нэргүйбаатар, Б.Намнандорж, Ц.Нямдорж болон клубуудын удирдлагууд оролцлоо. Нээлтийн үеэр Спортын мастерын болзол хангасан “Тэнүүн-Огоо” багийн туслах дасгалжуулагч Ч.Баттөгс, “Тэнүүн-Огоо” багийн тамирчин М.Мягмарсүрэн нарт тэмдгийг гардуулан өгсөн юм.
Энэ удаагийн тэмцээнд залуу тамирчид олноор багтсанаас гадна “Алтайн барс”-ын эмэгтэй багт хоёр япон, Булган аймгийн эрэгтэй багт мөн хоёр орос легионер тоглогчид оролцож байгаа аж.
Тэмцээний өдөр бүр Буянт-Ухаа спортын ордонд болж байна.