Автомашины улсын дугаарыг стандартад заасны дагуу бус өөр өөр хэлбэр дүрс, хэмжээ, бичиглэлтэйгээр үйлдвэрлэж байсан үйлдвэрүүдийг хаах шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргажээ. Нийслэл Улаанбаатар хотод л гэхэд нийтдээ 30 гаруй үйлдвэр улсын дугаарыг үйлдвэрлэж байсан бөгөөд тэдгээрээс 13 нь стандартын бус улсын дугаар үйлдвэрлэж байсныг илрүүлжээ. Тэдгээр үйлдвэрүүд голчлон 2014, 2015 онуудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна. Стандарт бус улсын дугаарын үйлдвэрлэснээс болж, машины зөрчлийн мэдээлэл зөрүүтэй гарах, зөрчил гаргасан үед камерт бичигдэхгүй үлдэх зэрэг сөрөг нөлөөтэй байжээ.
Тиймээс Гүн гомбо, Сүх их эрдэнэ, Таван хуруу, Мэндийн говь, Их бялхам, Өтгөн төгөл гэх мэт 13 компанийн үйл ажиллагааг хаах шийдвэрийг гаргасан байна.
Д.ЦЭЭНЭ