Өвөрхангай улирлын эхний хожлоо авав

Хуучирсан мэдээ: 2016.11.17-нд нийтлэгдсэн

Өвөрхангай улирлын эхний хожлоо авав

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна. Энэ удаагийн лигийн тэмцээнд 12 аймгийн баг өрсөлдөж байгаа бөгөөд Баруун, Зүүн гэсэн хоёр хэсэгт хуваагдсан.

Өчигдөр Увс аймгийн “Увс нуур” ээлжит тоглолтоо Өвөрхангайтай хийлээ. Увс аймгийг төлөөлөн тоглож буй Т.Мэндбаяр, Нямбаяр нар энэхүү тоглолтод оролцсонгүй. Гэхдээ Спрайт лигийн тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Увс нуур” маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсан юм. Эхний хагаст Өвөрхангай 8 оноогоор илүү гарч дуусгалаа. Гуравдугаар үеийн эхэнд “Увс нуур” багийн гол тоглогчдын нэг Г.Болд бэртэл авч, тоглолтыг орхив. Гэхдээ “Увс нуур”-ын багийн лидер Ц.Баянмөнх маш онцгой тоглолт үзүүлж байлаа. Мөн багийн ахлагч Я.Бат-Орших хамгаалалтаа нямбай хийж байсан юм. Өрсөлдөөн дээд цэгтээ хүрсэн бөгөөд эцсийн мөчид Өвөрхангай өрсөлдөгчөө 90:81-ээр хожсон юм.

Э.Цэрэнбаатар сайн тоглолт үзүүлэн 21 оноо, найман самбар авч багаа ялалтад хөтлөв. Б.Дархантөгс, Галданцогт нар 14 оноо авчээ. “Увс нуур” багаас Ц.Баянмөнх 26 оноо, 6 самбар авсан бол Билгүүн 12, Бат-Орших 10 оноо авав. Будагтай талбай самбарын тулаанд Өвөрхангай илт илүүрхсэн нь багаар 59 самбараас бөмбөг авснаас харж болно. Харин “Увс нуур” багаараа 40 самбар авчээ.

ДҮН: /11.16/

  • Увс Нуур 81:90 Өвөрхангай аймаг
  • Эрдэнэт Икон 108:93 Завхан аймаг
  • Сүхбаатар Альянс Тех 101:107 Баянхонгор аймаг

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж