Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад ес дэх удаагаа номын айлчлал хийхээр болсоныг албан ёсоор мэдэгдлээ. 1979 оноос хойш өнөөг хүртэл найман удаа заларсан Далай багшийг залах ажлын хэсгийн зохион байгуулагч С.Даваапүрэв лам энэ удаагийн айлчлал улс төрөөс ангид, Есдүгээр Богдын хойд дүрийг тодруулах бус цэвэр номын айлчлал байх болно гэдгийг онцлоод, айлчлалын ерөнхий хөтөлбөрийг танилцуулсан юм. Нас өндөрт гарсан Далай ламтаны лагшин ямар байхаас хамаараад хөтөлбөрт нь өөрчлөлт орж магадгүй гэлээ.
Далай багш энэ сарын 18-ны орой Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана. Харин Бямба гаригт буюу энэ сарын 19-ний өдөр 13.00 цагийн үед Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Дараа өдөр нь Ням гаригт 09.30-11.30 цагийн хооронд хоёр цагийн турш “UВ palace”-ийн танхимд Далай лам монголын нийт лам хувраг, сүсэгтэн олонд нэн ховордсон Богдын ламын ван, Жигжидийн цэван айлдана. Ирэх Даваа гаригт СТӨ-нд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт Далай лам оролцох юм байна.
Далай багшийн айлчлал ирэх Лхагва гариг хүртэл үргэлжилнэ. Номын айлчлалыг нийт олонд зориулсан номын айлчлал, лам хуваргуудад зориулсан суртгаал хэсэг, Бурханы шашны шинжлэх ухааны төлөөлөл болсон Монголын болон олон улсын эрдэмтэдтэй хэлэлцүүлэг хийх, залуучуудтай уулзах уулзалт зэргээр ангилж байгаа ажээ. Мөн Их тэнгэрийн аманд багшийг буцах өдрийн өглөө буюу 22-ны өглөө хэвлэлийнхэнд зориулж хэвлэлийн бага хурал хийх талаар С.Даваапүрэв лам хэллээ. Түүнчлэн энэ удаагийн айлчлалын үеэр Дээрхийн гэгээнд ХААИС-ийн хүндэт докторын цол хэргэм хүртээх ажээ. Арваннэгдүгээр сарын 21-ний Даваа гаригт ХААИС-ийн доктор цолыг гардуулах юм байна.
АЙЛЧЛАЛЫН ТҮҮХЭН ТОВЧООН
Анхдугаар айлчлал
1979 оны 6 сарын 15 буюу билгийн тооллын XVI жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Монгол оронд Азийн Буддистуудын Энх тайвны V бага хурлын хүндэт зочноор уригдан анх заларчээ. Тэрбээр сүсэгтэн олонд "Гандан лхавжаа", "Есөн мөрт мигзэм", "Дөрвөн мөрт мигзэм" айлдан сүсэгтэн олны хамтаар маани уншиж "Язгуурын гурван бурханы тарни"-ийн лүн хайрласан юм.
Хоёрдугаар айлчлал
1982 оны VIII сарын дундуур буюу билгийн тооллын XVI жарны усан нохой жилийн намрын эхэн сард тохиов. Энэ айлчлалаар III Далай ламын зохиосон "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт" хэмээх номыг дэлгэрэнгүй айлдав. Мөн "Жигжид бурханы авшиг", "Жамсран бурханы жэнан" зэрэг ном айлдаж Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын ерөнхий чуулганд хүндэт зочноор уригдан оролцов.
Гуравдугаар айлчлал
1991 оны IX сар буюу билгийн тооллын XVII жарны төмөр хонь жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байв. Дээрхийн Гэгээнтэн бээр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Бодь мөрийн гурван эрхэм" номын дэлгэрэнгүй тайлбар, "Цагаан Дарь-Эхийн насны авшиг", "Язгуурын гурван бурханы тарни"-ийг сүсэгтэн олонд айлдав.
Дөрөвдүгээр айлчлал
1994 оны IX сар буюу билгийн тооллын XVII жарны модон нохой жил морилон ирэв. Энэ айлчлалаар "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт" номыг тайлбарлан нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни", "Язгуурын гурван бурханы зүрхэн тарни", "Ловон Бадамсамбааваа бурханы зүрхэн тарни"- ийн лүн хайрлав.
Тавдугаар айлчлал
1995 оны VIII сар буюу билгийн тооллын XVII жарны модон гахай жилийн намрын эхэн сард тавдахь удаагаа морилон ирэв. Дээрхийн гэгээнтэн Далай лам Монголд анх удаа МБШТөв Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын вангийн их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонхавын туурвисан "Бодь мөрийн зэргийн хураангуй утга" болоод "Шүтэн барилдахуйн магтаал" зэрэг бурханы шашны гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж "увш" болон "бодийн санваар" хайрлав.
Зургаадугаар айлчлал
2002 оны XI сарын 06-09-ний өдрүүдэд айлчлав. "Бодь мөрийн зэргийн гурван эрхэм", "Шүтэн барилдахуйн магтаал", "Бурхан багшийн зүрхэн тарни", "Дарь Эхийн жэнан" зэргийг нийт сүсэгтэн олонд айлдаж, оюутан залууст сургаал номоо хайрлав.
Долоодугаар айлчлал
2006 оны VIII сарын 21-27. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн лам хуврагийн жаяг бичгийг зохион Монголын бурханы шашны сүм хийдүүдийн тэрг/үн болон хамба лам нарт гардуулж Монголчуудад анх удаа гэлэн сахилыг 52 ламд хүртээсэн юм. Далай ламын энэ удаагийн айлчлалын үеэр өөрийн мутраар суулгасан мөнхийн ногоон гацуур мод Гүнчав Жамбаалин төвийн ҮҮДЭНД буй.
Наймдугаар айлчлал
2011 оны XI сарын 7-11. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн бээр оюутан залуучуудад "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц айлдсан ба нийт сүсэгтэн олонд "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт", "Шүтэн барилдлагын магтаал", Жанрайсиг бурханы авшиг, Цагаан Дарь-Эх-ийн насны авшигийг тус тус айлдсан юм.
АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР
2016 оны 11-р сарын 18-ны өдөр /Баасан гараг/
20:30 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийг “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудал дээр угтан авна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэн лам хуврагууд/
2016 оны 11-р сарын 19-ны өдөр /Бямба гараг/
13:05-13:15 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт ард түмэн сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлнэ. /МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд/
2016 оны 11-р сарын 20-ны өдөр/Ням гараг/
09:30-11:30 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван айлдана. /UВ раlасе/
13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн номын айлдвар үргэлжилнэ. /UВ раlасе/
2016 оны 11-р сарын 21-ны өдөр /Даваа гараг/
09:30-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг явагдана. /Соёлын төв өргөөнд/
13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. /Соёлын төв өргөөнд/
2016 оны 11-р сарын 22-ны өдөр /Мягмар гараг/
09:00-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшид Хүндэт докторын цол гардуулна. /ХААИС/
13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалт болно. /Соёлын төв өргөөнд/
2016 оны 11-р сарын 23-ны өдөр /Лхагва гараг/
07:45-08:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш сэтгүүлчдийг хүлээн авч, уулзалт хийнэ. /Их Тэнгэр цогцолборт/
08:45 цагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үднэ.