ОБЕГ-ын ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2016.11.17-нд нийтлэгдсэн

ОБЕГ-ын ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа

Улсын комиссын даргын 2016 оны 03 дугаар тушаалаар улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий зүүн болон говийн бүсийн аймгуудад ажиллах ажлын хэсгийн ахлагчаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Ж.Дамдинсүрэн нар томилогдож Хэнтий аймагт хүрэлцэн ирлээ.

Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссыг 11-р сарын 16-ны өдөр хуралдуулж өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудлын талаарх мэдээлэлтэй танилцаж 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал зудын гамшигтай тэмцэх төлөвлөлт, хариу арга хэмжээтэй холбогдуулан дараах үүргийг өглөө. Үүнд:

  1. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг томилж цагаан зуд, цагаанаар зудархуу нөхцөл байдалд дахин нарийвчилсан үнэлгээ хийх, зудын нөхцөл байдлыг зураглах;

  2. Зудын нөхцөл байдал үүссэн үед зарлах, тусламжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хүмүүнлэгийн байгууллагуудтай эртнээс хамтран ажиллах, тусламж хүсэх талаар ажил зохион байгуулах;

  3. Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу тогтоосон аюулгүйн өвс, тэжээлийг хангалтгүй бэлтгэсэн сумын удирдлагад арга хэмжээ авч хариуцлага тооцох;

  4. Сумдын эрүүл мэндийн төвд шаардлагатай байгаа түргэн тусламжийн автомашины талаарх танилцуулга, норм хэмжээ, баримт нотолгоо харуулсан материал, судалгааг Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэгт хүргүүлэх;

  5. Цаг агаарын хүйтрэлт нь малын тарга тэвээрэгт муугаар нөлөөлдөг тул залуу малчдад мал маллах арга туршлага, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах;

  6. Сумдын Засаг дарга нарт багц мессежийн 1 жилийн төлбөр болох 150000 төгрөгийг сумын гамшгаас хамгаалах санд бүрдүүлэх;

  7. Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт: Малчдын хөдөлгөөнд анхаарч, бүртгэл судалгааг сайжруулж, хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хяналт тавьж ажиллах;

  8. Авто тээврийн газарт: Зорчигчдын аюулгүй байдлыг хангах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч хэвших, аюул ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж аймгийн Онцгой байдлын газрын даргаар хянуулж, батлуулан ажиллах;

  9. Аймгийн Онцгой комиссын гишүүдийг сумдад, малчны хотонд ажиллуулж малчдыг соён гэгээрүүлэх, сахилга хариуцлагын талаар үүрэг чиглэл өгөх ажлыг зохион байгуулах, мал маллагааны ажилд шаардлага хүргүүлж, дотоод нөөц боломжоо дайчлан ажиллах;

  10. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг зудын гамшгийн үед ажиллах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, Засаг даргын албан даалгавар гаргах;

  11. Малын гоц халдварт өвчний голомтын эрсдэлийн зураглал гаргах;

  12. Аймгийн Онцгой комиссын гишүүд Засаг даргыг үнэн зөв мэдээ мэдээллээр байнга хангаж байх.

  13. Аймгийн Засаг дарга Н.Ганбямбад: Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян–Улаан тосгоны аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргааны удирдлагыг үүрэг даалгавраар хангаж ажиллах зэрэг үүрэг зөвлөмжийг өгч ажиллалаа.

Хуралдааны дараа аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон ОБЕГ-ын ажлын хэсэгтэй хамтран Норовлин сумын өвөлжилтийн байдалтай танилцахаар явсан юм.

Эх сурвалж: khentii.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж