Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Одоогоор есөн ч аймагт зуд болж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Мал аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдсан бэ. Отроор хэдий хэмжээний мал өвөлжиж, хаваржих шаардлагатай болж байна вэ? Зарим аймаг өвс тэжээлээ төлөвлөсөн хэмжээнд бэлтгээгүй гэж дуулдаж байна. Юунаас болоод ийм байдал үүсэв?
–Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 80 гаруй хувьтай байгаа. Нийт 60.8 сая толгой мал өвөлжих бэлтгэл хангагдсан. Үүнээс 6.9 сая толгой мал отрын бүс нутагт өвөлжиж, хаваржина. Малчдын хувьд энэ намар өвс, тэжээлийг хангалттай хэмжээнд хадаж, хурааж авсан. Гол нь зарим сумд хөрөнгө мөнгө хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар аюулгүйн нөөц бүрдүүлэлтийн өвс, тэжээл бүрдүүлэлт нь 50 гаруй хувьтай тааруу байгаа. Дотоод нөөц бололцоогоо дайчлаад өвс, тэжээлээ нөөцлөх даалгаврыг өгсөн.
-Өвс, тэжээлийн нөөц багатай аймаг, сумдад өвс, тэжээлийг хүргэх чиглэлээр яаж ажиллах вэ? Зам даваа хаагдаад ирэхээр өвс, тэжээл хүргэхэд асуудалтай болдог. Улсын хэмжээнд хэдий хэмжээний өвс, тэжээл бэлтгэгдсэн байна вэ?
-Хаана байдал хүндрэх вэ гэдгээ харна. Бэлэн байдлыг хангах чиглэлээр бүхий л арга хэмжээг авна. Урьдчилсан байдлаар аймаг, сумын удирдлагууд бэлтгэл сайн хангах хэрэгтэй байгаа. Энэ чиглэлээр албан даалгаврууд өгөгдсөн. Улсын Онцгой комиссын хуралдааны (арваннэгдүгээр сарын 14-ны) үеэр хүчин чадал сайтай авто машиныг 21 аймагт бэлэн байлгахаар ярилцсан. Малчид 1.1 сая тонн өвс, 35.8 мянган тонн сүрэл, 22.3 мянган тонн ногоон тэжээл, 27.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 38.1 мянган тонн гар тэжээл гэх мэтчлэнгээр хангалттай хэмжээнд бэлтгэсэн. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 32.0 мянган тонн өвс, 13.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 20.4 мянган тонн өвс, 4.5 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгийн төвшинд 75.9 хувь, сумдын төвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа юм.
-Өвс тэжээлийн үнэ ямар байна вэ, зах зээлийн ханш тогтсон уу?
-Гарцаасаа хамаараад өвсний үнэ аймаг бүрт харилцан адилгүй байна. Тээврийн хөлс нэмэгдэхээр үнэ нь өөрчлөгдөнө. Газар дээрээ боодол өвс 2000-3000, 4000-5000 гээд янз бүрийн үнэтэй байна.
-Өвс, тэжээл экспортод гаргахаар хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн намар Сүхбаатар, Дорнодын нутгаас хадлан хадсан юм байна. Гэтэл экспортлох зөвшөөрөл олгохгүйгээс банкинд зээл тавьж авсан өндөр үнэтэй техник, тоног төхөөрөмжүүдийнхээ үнийг төлөх боломжгүй гэх. Энэ асуудалд салбарын яам ямар бодлого барьж байгаа вэ. Гадагш нь өвс, тэжээл экспортлох боломжтой юу?
-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улсын Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын газар ярьж байгаад хадлан тэжээлийн нөөц бүрдтэл өвс экспортлохгүй гэдэг шийдвэр гаргасан. Яагаад гэвэл эхлээд дотоодынхоо зах зээлийг хангаж байж, дараа нь экспортын тухай ярих ёстой. Тэр дундаа ойрын арван жилд болоогүй хүйтэн болж, цас зудтай байгаа нөхцөлд эхний ээлжинд бид малчдаа, малаа бодох ёстой. Өвс, тэжээлийн экспортыг хойш тавина. Цаг хүндрээд мал бэлчих боломжгүй болбол өвсний хэрэгцээ нэмэгдэнэ шүү дээ.
-Одоогоор хэдий хэмжээний мах экспортлоод байна вэ. Ирэх онд хэдий хэмжээний мах экспортлох төлөвлөгөөтэй вэ?
-Одоогийн байдлаар экспортод 5100 тонн мах гаргасан. Мах экспортлох чиглэлээр Хятад, ОХУ-тай хэлэлцээ хийж байна. Хятадын талаас нааштай хариу ирүүлсэн. ОХУ-тай малаа эрүүлжүүлэх талаар амжилттай хэлэлцээ хийсэн, дахин ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдтай Сочи хотноо уулзана. Ирэх онд боломжит хэмжээгээр мах экспортод гаргахыг төлөвлөж ажиллаж байна. Урьд өмнө манайхан том тоо хэлдэг байсан, жилийн эцэстээ түүндээ хүрдэггүй. Ам, ажлын нэгдлийг хангах ёстой. Тийм учраас ОХУ, БНХАУ, гуравдагч орон руу мах экспортлох чиглэлээр идэвхитэй ажиллаж байна. Цаашдаа Монгол малын махыг зорилтот зах зээлд нийлүүлэхийг зорино. Махаа экспортлохын тулд малынхаа өвчнийг дарж, малаа эрүүлжүүлэх шаардлага байгаа.
-Нөөцийн мах бэлтгэсэн үү?
–Энэ жил нөөцийн мах бэлтгээгүй, дотооддоо махны бэлтгэл нийлүүлэлт хангалттай. Нийтдээ 12-14 сая толгой мал мах бэлтгэлд бэлтгэхээр тооцож байна.
-Малын өвчлөл, вакцинжуулалтад хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ. Хяналтад авч чадсан уу. Өмнө нь малын өвчин гардаггүй байсан бүс нутагт хонины цэцэг өвчин гараад байгаа нь юунаас болж байна вэ?
-Малын өвчинг бүрэн хяналтад авсан. Засгийн газраас 11.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэнээр вакцинжуулалт хийсэн. Цэцэг өвчний тухайд шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор, мөн хуц, ухна тавьсан, худалдаж авсан, өвчтэй бүсээс эрүүл бүс рүү мал тээвэрлэсэн зэрэг олон шалтгаанаар зарим малчны хотод малын өвчин гарсан. Тохиолдол болгонд вакцинжуулалт хийсэн. Цаашдаа бол масс вакцинжуулалт хийх шаардлагатай байгаа.
-Малаа эрүүлжүүлэхийн тулд вакцинжуулалтад хамруулахын зэрэгцээ малчдыг хариуцлагатай болгохгүй бол эрүүл газар луу өвчтэй малаа тээвэрлэхээс эхлээд хариуцлагагүй үйлдлүүд гаргаж байна. Энэ чиглэлээр салбарын яамнаас хийхээр төлөвлөж буй ажил юу байна?
-Малын өвчнийг бууруулахын тулд олон чиглэлийн ажил хийх шаардлагатай. Малын эрүүл мэндийн тухай хуулийг санаачлаад Засгийн газарт оруулах гэж байна. Энэ хуульд мал эмнэлгийг босоо тогтолцоотой болгоно. Тэгж хариуцлагын асуудал ярьж байж малын өвчинтэй тэмцэнэ. Малд вакциныг байнга л хийж байх ёстой. Дээр нь ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор олон ажил хийхээр төлөвлөж байна. Мөн Биокомбинатын хүчин чадлыг сайжруулна.
-Унгар улсын санхүүжилтээр Биокомбинатыг шинэчлэх тухай олон жил ярилаа. Би андуураагүй бол Унгараас зээл авч, Биокомбинатыг шинэчлэх тухай хэлэлцээр хоёр ч парламентын нүүр дамжиж байна. Зээлийн хэлэлцээрийг батлаад зөвшөөрөөд л байдаг, гэтэл ажил нь эхэлдэггүй. Энэ ажил яг хэзээнээс хэрэгжих юм бэ?
-Саяхан би Унгар улсад айлчлаад 25 сая ам.долларын төслийг 2017 онд эхлүүлэхээр болсон. Ирэх арванхоёрдугаар сард Сангийн яам, Унгарын Экзим банк хоёр гэрээнд гарын зүсэг зурна. 2017 онд ТЭЗҮ нь хийгдэж дуусаад энэ ажлын нээлтийн ажиллагааг хийнэ гэж Унгар улсын Гадаад хэргийн худалдааны сайдтай тохирсон.
-Биокомбинатыг шинэчилснээр дотооддоо гол, гол вакцинуудаа хийж чадах уу?
-Тийм ээ, вакцинуудаа үйлдвэрлэхээс гадна үнэ хямдарна. Хүчин чадал нэмэгдэнэ. Жишээ нь, хонины цэцэг өвчний вакциныг одоогийн Биокомбинатын байгаа хүчин чадлаар үйлдвэрлэх юм бол ирэх оны дөрвөн сараас наашгүй байгаа. Шинэчлэл хийхээр хүчин чадал нь 4-5 дахин нэмэгдэж, богино хугацаанд вакцинаа үйлдвэрлээд малаа вакцинжуулах боломжтой болно.
-Түүхий эдийн үнэ навс унасан. Үнийг өсгөхийн тулд арьс, ширний экспортод гаргадаг татварыг буулгасан. Үр дүн нь гарч байна уу?
-Манай салбарын бодлого, тогтолцоо сүүлийн 20-иод жил өөрчлөгдөөгүй. Энэ чиглэлээр бодлогын дорвитой ажил хийгээгүйгээс түүхий эдийн үнэ доод цэгтээ тулж унасан. Үүнтэй холбоотой олон асуудал бий. Малын үржлийн, эрүүл мэндийн асуудал гээд… Дээр нь энэ салбарт ажиллаж байгаа ажилтнуудын зохион байгуулалт, хууль эрх зүйн тогтолцооны асуудал бий. Эдгээрийг бүгдийг засахын тулд бодлогын дорвитой өөрчлөлт хийхээр ажиллаж байна, хоёр ч хуулийн төсөл боловсруулсан. Түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сэргээх шаардлага байгаа. Дээр нь хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зохицуулах байгууллага шаардлагатай байгаа. Энэ нь бүтээгдэхүүндээ стандарт, чанар шаардлага тавьдаг, зах зээлийн үнийн зохицуулалт хийх шаардлагатай холбоотой юм.
Хүнс хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь үндэсний тулгуур болсон эдийн засгийн бүтээгдэхүүнүүд байдаг учраас төр бас тодорхой хэмжээгээр хяналт тавьж, зохицуулж байх шаардлага байгаа юм.
-Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бий болгоно гэлээ. Урьд өмнөх шиг том тогтолцоо бий болно гэсэн үг үү?
-Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бий болох нь зайлшгүй. Ямар чиглэлээр хийх вэ гэдэг судалгааны ажлыг ид хийж байна. Одоо бол ченжээр дамжуулж, дундын дамжлагатайгаар хувь хүмүүсийн гар дээрээс гол түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир бүгд дундын дамжлагатай. Эдгээр бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцсэн бэлтгэж байж, гадаадын худалдаа, дотоодын үйдвэрлэлдээ тэнцсэн бүтээгдэхүүн нийлүүлнэ. Жишээлбэл, арьс ширний үйлдвэрлэлд нийлүүлэгдэж байгаа түүхий эдийн 30 хувь нь бэлтгэлийн явцад гологдол үүсгэж байгаа. Олон улсын стандартад нийцсэн болгохын тулд, түүхий эдээ бүрэн татаж авахын тулд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх шаардлага байна.
-Хөдөө аж ахуйн бирж ажиллаж байгаа, хэр үүргээ гүйцэтгэж байна вэ?
–Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа сайнгүй байгаа. Төрийн өмчийн хороонд харьяалагддаг.
-Өнгөрсөн Засгийн газрын үед Халх гол төсөл хэрэгжүүлэхээр болсон ч хууль бус зүйлүүд дуулдсан. Энэ асуудал юу болж байна вэ?
-Халх гол төслийн тухайд олон хууль зөрчсөн үйлдлүүд гарсан нь дотоод аудитын шалгалтаар нотлогдсон. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сарын 28-ний өдөр ажил тарсны дараа 24 аж ахуйн нэгжид 330 мянга га газрыг нэг дор олгосон тохиолдол гарсан байх жишээтэй. Ингэхдээ олон хууль дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тул ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлээд асуудлыг шийдвэрлүүлнэ.