Долоо хоногийн өмнө Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нэгэн шийдвэр гаргасан нь Азийн гурав дахь том эдийн засгийг самууруулж орхив.
Моди өнгөрөгч арваннэгдүээр сарын 8-нд Энэтхэгийн 500 рупи (7,40 ам.доллар), 1,000 pупигийн -(14.70ам.доллар) дэвсгэртүүдийн хууль бус эзэмшлийг устгахын тулд зах зээл дээрээс татах, үнэгүйдүүлэх шийдвэрийг гаргасан байна. Эдгээр мөнгөн дэвсгэрт нь Энэтхэгт хамгийн өргөн хэрэглэгддэг дэвсгэртүүд бөгөөд нийт мөнгөний эргэлтийн 86 хувийг бүрдүүлдэг аж. Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу энэтхэгчүүд ирэх арван хоёрдугаар сарын 30 гэхэд эдгээр дэвсгэртийг банк болон шууданд тушаан өөр мөнгөн тэмдэгтээр солих шаардлагатай болоод байна. Модигийн энэхүү шийдвэр нь улс орныг санхүүгийн хүндрэлд оруулдаг авилгал, бохир мөнгө, хуурамч мөнгөн тэмдэгттэй тэмцэх зорилготой аж.
Гэвч энэтхэгчүүд “паник”-т оржээ. Банк, ATM-ын гадаа уртаас урт дараалал үүсэн, ядуу, банкны үйлчилгээ төдийлөн нэвтрээгүй газруудад амьдардаг хэсэг нь гар дээрх тэрхүү мөнгөн тэмдэгтээ яахаа мэдэхгүй байгаа аж. Хэдийгээр энэ нь муу боловч сайн тал байна.
САЙН ТАЛ
Хэдийгээр Энэтхэгийн ард иргэд үүнээс үүдэн хэдэн долоо хоног бэлэн мөнгөний гачигдалд орох ч дээрх алхам нь урт хугацаанд Энэтхэгийн дүр төрхийг өөрчилж, эдийн засгийг хөгжин цэцэглүүлэх боломжтой аж. Модигийн энэ шийдвэр нь ард иргэдийн бодит орлогыг ил болгож, татвар төлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд энэ нь Засгийн газрын төсөвт эергээр нөлөөлөх юм. Брокерийн компаниудын тооцоолсноор одоогийн байдлаар тус улсын хүн амын ердөө нэг хувь нь л татвар төлдөг бөгөөд тэрхүү бүртгэгдээгүй, “хар” мөнгөн тэмдэгт нь засгийн газарт 45 тэрбум ам.долларыг бүрдүүлэх боломжтой аж. Дээрх бүртгэгдээгүй мөнгөн дэвсгэртүүд нь Модиг боловсрол, эрүүл мэнд гэх мэт тулгамдаж буй салбаруудад хөрөнгө оруулахад нь тус болох аж.
Мөн Энэтхэгийн найдваргүй зээлээр дүүрэн, хөрвөх чадварын асуудалтай банкуудад ашиг тусаа өгөх аж. Дээрх 500, 1000 рупигийн дэвсгэртийг татах шийдвэр гаргаснаас хойш нийт 22 тэрбум ам.долларыг бүрдүүлсэн бөгөөд дээрх нөөцийг банкууд хөрвөх чадвараа сайжруулахад ашиглаж боломжтой. Үүний хажуугаар банкны дансгүй хүмүүсийг хууль бус, бүртгэлгүй бэлэн мөнгөө байршуулах данс нээлгэхийг шаардаж байна.
МУУ ТАЛ
Дээрх арга хэмжээ нь хангалттай өргөн хүрээнд хэрэгжихгүй байгаа бөгөөд төмөр зам гэх мэт төрийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд 500, 1000 рупиг хүлээн авсаар байгаа аж. Ман түүнчлэн дээрх шийдвэрийн дараа Энэтхэгийн зах зээл дээрх бүртгэлгүй орлоготой хүмүүс алтыг худалдаж авах нь ихэссэнээс үүдэн алтны үнийг өндөр болгосон байна.
Үүний хажуугаар мөнгөө солиулж буй урт дараалал үүсгэсэн иргэд ноцтой асуудал үүсгэж байгаа төдийгүй амиа хорлосон тохиолдол ч гарсан байна. Зарим эмнэлэг амьдрал үхлийн зааг дээр байгаа өвчтөнүүдэд ч дээрх мөнгөн тэмдэгтээр үйлчлэхээс татгалзсан байна. Банкнаас шинэ мөнгөн дэвсгэрт болох 2000 рупиг зах зээлд гаргаснаас гуравхан өдрийн дараа аль хэдийн хуурамчаар үйлдвэрлэж эхэлсэн байна.
Бэлтгэсэн Г.АНУДАРЬ
Эх сурвалж: Quartz