“Nomadic Ballet Production” ээлжит бэлгээ бяцхан үзэгчдэдээ зориулан дэлгэж эхэлсэн билээ. Тэд ах дүү Гриммийн 1812 онд зохиосон алдарт “Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжиг үлгэрийг тайзнаа амилуулж байгаа. Өнгөрсөн амралтын өдөр “Corporate Convention Centre”-д нээлтээ хийсэн энэхүү бүжгэн жүжгийн гол дүр Цасангоод балетын гоцлол бүжигчин О.Саруул бүжин, хүүхэд багачуудыг үлгэрийн орноор аялуулсан билээ. Тэгвэл энэ амралтын өдөр буюу Ням гарагт The “Corporate Convention Centre”-д 12.00, 16.00 цагт “Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжиг дахин тайзнаа амилна.
“Nomadic Ballet Production” нь дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилготойгоор 2016 оны нэгдүгээр сарын 14-нд байгуулагдсан юм. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-н буюу Олон улсын бүжгийн өдрөөр “Corporate Convention Center”-ийн концeртын танхимд анхны уран бүтээл “Мэдрэхүй” буюу “Sentiment” тоглолтоо үзэгчдэдээ өргөн барьсан.
Энэ удаад “Nomadic Ballet Production”-ийн хоёр дахь уран бүтээл “Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжиг ийнхүү олны хүртээл болж байгаа юм.
Дэлхийн олон театрт “Цасангоо ба долоон одой” балетыг тоглодог бөгөөд “Nomadic Ballet Production”-ы авьяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр анх удаа ийнхүү амилуулаад байгаа. Тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалан авч болно.
Сонирхуулахад, хүн бүхний танил, дэлхий дахинд алдартай "Цасангоо" хэмээх энэхүү үлгэр дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдан тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн гол сэдэв болсоор ирсэн. 1937 онд Уолт Дисней студийн таван жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн "Цасангоо ба долоон одой" нэртэй бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн киногоо өлгийдөн авч байсан юм.
Г.ДАША